Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ-д хүргүүллээ. Уг илтгэлийн цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний талаарх сургамж бүлгээс онцлон танилцуулж байна.
КОВИД-19 цар тахлын эмчилгээ, үйлчилгээний талаарх стратеги, заавар, түр журамд өвчтөний нэр төр, хувийн байдлыг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зохицуулалт тусгагдаагүй байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хүний нэр төр, хүний эрхийг хүндэтгэх сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил дутагдалтай нь КОВИД-19 цар тахлын үеэр илтэд ажиглагдсан. Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж, арга барилыг сайжруулж гаргасан үр дүнг биш, нас баралтын тоо зэрэг шууд үр дүнг тооцох байдлаар дүгнэдэг нь хүний эрх зөрчигдөх шалтгаан болж байна.
Эрүүл мэндийн салбарт байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаа нь тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Нэгдсэн зохион байгуулалтгүйгээс өрх, дүүргийн эмнэлгүүд хүнд өвчтэй хүмүүстээ ПГУ шинжилгээ хийлгэхийн тулд уг шинжилгээг хийдэг цөөн тооны эмнэлгүүдийг “гуйх”, анхан шатны эмнэлэгт удирдах байгууллагуудаас өөр чиглэл өгөх зэрэг бэрхшээл гарч байсан бөгөөд эмнэлгүүдийн ажлын уялдаа холбоогүй байдал КОВИД-19 цар тахлын үед төдийгүй, ердийн үед ч эмнэлгийн тусламж, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг ХЭҮК-ын судалгаанд оролцсон эмч нар ярьж байлаа.
КОВИД-19 цар тахлын эмчилгээнд зарцуулсан нийт төсвийн албан ёсны мэдээлэлгүйгээр энэ үүргийн биелэлтийг эцэслэн дүгнэх боломжгүй юм. Гэвч эрүүл мэндийн салбарт зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалт тооцоолол муутай, үр ашиггүй байсан талаарх баримтууд судалгаа, хяналт шалгалтын үр дүнд авагджээ.
Коронавируст халдварын эмчилгээнд төсвийг тооцоо, үр ашиг муутай зарцуулсан нь салбарын судалгаанаас харагдаж байна. Жишээлбэл, ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн нэг өвчтөнд дунджаар 9,867,923.61 төгрөг зарцуулсан байна.
Коронавируст халдвар авч, гэрээр эмчлүүлсэн нэг өвчтөнд 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдрийг хүртэл улсын төсвөөс 70,000 төгрөг, энэ өдрөөс хойш 160,000 төгрөг зарцуулж байсан нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн өвчтөнтэй харьцуулахад 61.6-140.9 дахин бага юм.20 Бичиг баримтын зөрчил, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмийн багц дууссан, коронавируст халдвараар дахин өвдсөн зэрэг шалтгаанаар олон хүн энэ тусламжийг авч чадаагүй.
Шаардлагагүй олон төрлийн шинжилгээ, ажилбараас зайлсхийх шаардлагатай
Эрүүл мэндийн салбарт хийсэн бодит хөрөнгө оруулалтын хэмжээ батлагдсан төсвөөс ихээхэн зөрүүтэй байна. ҮАГ-аас эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгсэл авахад 20.6 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 3.5 тэрбум төгрөг, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид 159 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 54.8 тэрбум төгрөг байгааг тогтоожээ.
Шаардлагагүй олон төрлийн шинжилгээ, ажилбараас зайлсхийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр ашигт анхаарах, эмнэлгийн шатлал бүрд коронавируст халдварын тусламж, үйлчилгээний зааврын хэрэгжилтийг сайжруулах, ажилтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангах, халдварын тохиолдлыг бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх шаардлагатай болохыг салбарын судалгаагаар зөвлөлөө.
Эх сурвалж: ХЭҮК
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.