Монгол хүн махаа одоо л сэтгэл амар идэж мэдэх шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн танхимынхан өчигдөр гаргалаа. Харин одоо энэхүү шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, “Махны мафийг” задлахад төр төмөр нүүрээ гаргаж ажиллах үлдлээ. Үнэндээ улс орны үндэсний аюулгүй байдлыг хөндөх энэ асуудлыг өөр сенсаацаар дарах вий, асуудлыг тэгсхийгээд намжаачих болов уу гэсэн болгоомжлол хэн хүнд байсан. Тэгвэл монгол түмэн дээрээ төртэй, үнэт баялагаа хамгаалах засагтай гэдгээ ийнхүү мэдэрлээ. Харин одоо монгол малын махны нэр хүндээ сэргээгээд, нүүр бардам гадаадын зах зээлд гаргах л үлдэв шив…
Энэхүү мах тойрсон асуудлаар Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “…Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Тэр үеэр Ерөнхий сайдын зүгээс “…Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаатай өгсөн. Тэр нь өчигдөр дуусаж, ийнхүү Засгийн газар өчигдрийн хуралдаан дээр ажлын хэсэг танилцуулга хийжээ. Үүний дараа тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдлаа хангасан бүр дориухан шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.
Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.
Ингэснээр гадагшаа мах экспортлох нэрийн дор холбогдох байгууллага, хувь хүмүүсийн сүлжээг хязгаарлах боломж бүрдэж буй. Зүй нь МЭЕГ, МХЕГ-аас энэ салбарт найман шатлал бүхий хяналт шалгалт хийдэг. Гэвч энэ сүлжээний оройд ХААЯ, МХЕГ, МЭЕГ цаашлаад төрийн өндөрлөгүүд зэрэг томоохон албан тушаалтнуудын нэр дуулддаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн арваад жилийн хугацаанд Хятадтай хийдэг махны экспорт тэр чигээрээ авлигын сүлжээ үүсгэсэн “махны мафи” ажиллаж байсан гэсэн үг. Харин өдгөө энэ бүхнийг нам дарах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь тус салбарын “мафи”-ийг задлах томоохон алхам болно гэдэгт улс гэрээрээ найдаж байна.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.