Энэ жил улсын баяр наадмыг хот, хөдөө гэж ялгалгүй нэгдсэн байдлаар долдугаар сарын 11, 12-нд тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсныг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр “Наадмыг ямар зохион байгуулалтаар тэмдэглэх тухай түүний өгсөн мэдээллийг хүргэж байна. Энэ жилийн баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ Хүй долоо худагт болно. Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд тоглогдоно. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж буй. Ойрын өдрүүдэд батлагдана. Уяачид, наадамчдын санал бодол зарим зүйл дээр зөрүүтэй байдаг. Үндэсний өв соёл бахархал болсон наадмаа ямар нэг маргаангүйгээр хийнэ. Тиймээс хаа хаанаа анхаарч, хүлээцтэй хандаж, ойлголцож ажиллана гэж найдаж байна. Шинэ хууль батлагдахаар баяр наадмаар бөхийн зохицуулалтын шинэ хувилбарууд орж ирнэ. Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг. Тохижилт үйлчилгээнд зарцуулагдана. Хуушуур идэх гэж Төв цэнгэлдэх рүү явах бус бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна. Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордон зэрэг захын хэсгүүдэд ч үйлчилгээ гаргана” гэлээ.
Бүх насныханд зориулсан урлаг соёлын тоглолтуудыг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч бэлдэж байгаа. Наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдах юм байна.