УИХ-ын баасан гаригийн ээлжит чуулганы хуралдаанаар Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2013 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Уг асуудлыг Пүрэв гарагт хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.
Тус асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хууль хэрэгждэг, чанартай гардаг байх хэрэгтэй. Уг нь баталж буй хууль бүрээ яавал амьдрал дээр илүү нийцүүлэх үү гэдгийг бодож байж гаргадаг байх ёстой. Монгол Улсын жилийн төлөвлөгөө бол бодлогын баримт бичиг. Уг баримт бичгийг дутуу байвал Засгийн газар сайжруулах хэрэгтэй. Төрийн бодлогоо зөв тодорхойлоод, зөв хэрэгжүүлээд, зөв үр дүн гардаг байх ёстой. Тамгын газрын ажилтнууд гишүүдээс илүү цалин авч байгаа шүү. Ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Өр зээл нэмэгдсэн бол төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэрийг 1.3 тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлж байгаа. Дарханы замыг АХБ, Европын сэргээн босголтын банкны зээлээр хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Тус бүр 300 сая ам.долларын өртөгтэй. Энэ бүх мөнгийг Монгол Улсын бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгоход зарцуулсан. Цаашдаа бид төсвийн алдагдлыг бууруулахгүй, төсөв алдагдалтай явбал тэр алдагдлын хэмжээгээр өр үүсээд явна. Тийм учраас төсөв хэлэлцэхдээ бодлого дээрээ анхаараад явна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Бондыг бондоор, өрийг өрөөр төлөн цасан бөмбөгийн онолоор явж байна. Цасан бөмбөг өнхөрсөөр томроод байдаг шиг өр нэмэгдсээр байна. Нийт өр, улсын өр, Засгийн газрын өр гэж ялгаж яриад байна. Эцсийн дүндээ монголоос тэр валют гарна шүү дээ. Олон улсын аргачлалаар, төсвийн өр, Сангийн яамны өр, Монголбанкны өр, төрийн өмчийн компаниудын өр, Засгийн газрын гээд ялгадаг болчихсон. Энэ бол өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж буй хэрэг. Эцэст нь төсвийн алдагдлыг бууруулж, чөтгөрийн тойргоос бид гарахгүй бол, эрс шийдэмгий шийдвэр гаргаж үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж чадахгүй бол, өөрсөө өөрчлөлт хийхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын гадаад өр одоогийн байдлаар 8.5 тэрбум ам.доллар болсон. Үүнд, Оюутолгойн болон бусад төрийн өмчийн үйлдвэрийн газруудын нийт өр орохгүй. Бондуудын үлдэгдэл бол нийтдээ 2.7 тэрбум ам.доллар байгаа. Зээл 5.8 тэрбум ам.доллар. Энэ бол донор улсуудын болон олон талт хөгжлийн түншүүдээс 1990 оноос хойш авсан 24 зээлдэгч институцийн 305 төсөл, хөтөлбөрийн өрийн үлдэгдэл. Цаашдаа бид эрс өөрчлөлт хийе гэж байгаа. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Ер нь аль болох нэмж авахгүй байх бодлого барина. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барина. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.