Иргэн болоод хуулийн этгээд өөрийн нэр дээрх газрын бүртгэлээ тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай талаар өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан байна. Учмр нь аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олноор хандаж, хэт их ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан мэдээлжээ.
Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл орохгүй. Иргэд газраа цахим системд бүртгүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүйг албаныхан онцолж байгаа юм.
Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Газрын захирамж гарсан ч кадастрын санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас ийнхүү цахимаар бүртгэж буй аж.
НЭГДСЭН САНД БҮРТГҮҮЛСНЭЭР ГАЗРЫН ЦААСАН ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭ АШИГЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Газар бүртгэлийн цахим систем шинэчлэгдэж, 2018 онд сүүлийн хувилбарт шилжжээ. Үүнээс өмнө цаасан хэлбэрээр явж ирсэн газрын кадастрын бүртгэл ирэх тавдугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжих юм. 2018 оноос өмнө кадастрын бүртгэл хийлгэсэн иргэд мэдээллээ заавал цахимаар хийлгэх хэрэгтэй. Мэдээллээ баталгаажуулахгүй бол нөхөн бүрдүүлэлт хийхгүй аж.
Мөн иргэд өөрийн нэр дээр газартай үгүйгээ шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй бол харъяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах нь зөв.
Хуулийн этгээд Egazar.gov.mn сайтад хандан бүртгэл мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Нөхөн бүрдүүлэлт хийнэ гэдэг нь газрын зургийг, хуулийн этгээдийн мэдээлэлтэй нэгтгэх юм байна.