Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулахаар төлөвлөжээ.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Энэ чуулганд оролцож буй эрхэм зочин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Уша Рао-Монари, Уур амьсгалын ногоон сангийн захирал ноён Янник Глемарик, БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн дарга ноён Ма Жун болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, ногоон хөгжил, байгаль хамгаалах сангийн төлөөлөгч, оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтноход хүчтэй заналхийлж, эрдэмтэн, судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэг үүнд анхаарлаа хандуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө эрчимжсэн хэвээр байна.
Мөн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахлын хямралтай нүүр тулж, асар их хэмжээний хохирол амссан бөгөөд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, эх дэлхийнхээ төлөө зоримог, шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг дэлхий нийтэд сануулж байна.
Өнөөдөр дэлхийн нийтэд эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй тэмцэлдээ Та бид агшин зуур ч амсхийх учиргүй юм.
Судалгаанаас үзэхэд сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын төрөл зүйл устан үгүй болсоор байна.
Монгол Улсын хувьд дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд асар их хэмжээгээр өртөж байгаа улс юм.
Тухайлбал, агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд байна. Түүнчлэн сүүлийн 10 жилд цаг уураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өсжээ.
Улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хувь нэмрээ оруулах үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн. Энэ хүрээнд дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг “0” хувьд хүргэхээ амласан.
Монгол Улсын хувьд 2016 оны “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичгийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьж байсан билээ.
Харин өнгөрсөн оны 12 дугаар сард Глазгоу хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд түвшний уулзалтын үеэр манай улс дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтот түвшнийг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойг дэлхий нийтэд мэдэгдсэн.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бидний хувьд эн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Цаашлаад Зүүн Хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг Монгол Улс дэмжиж, нар, салхины арвин нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ.
“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг.
“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид онцолж байна.
Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, тарьц, суулгац, бортого, бордоо, хашаа, ургамал хамгааллын бодисын үйлдвэрлэл, хог хаягдлын дахин боловсруулалт, усжуулалтын систем, өвөл зуны хүлэмж, зоорь байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон төрлийн үр өгөөж авчрах болно.
Түүнчлэн ховор, нэн ховор эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалж, өсгөн үржүүлж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой юм.
Эдгээр үр дүн нь Монгол Улсын тогтвортой хөгжил, Үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчинд онцгой үүрэгтэй төдийгүй бүс нутгийн улс орнуудын байгаль орчин, тогтвортой хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд маань нэгдэж, хамтран идэвхтэй ажиллаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Түүнчлэн Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.
Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Бидний энэ амьдралын хэв маяг нь онгон дагшин байгалиа хайрлан хамгаалахын зэрэгцээ үр шимийг нь урт удаан хугацаанд хүртэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх холч ухааныг агуулдаг.
Харин сүүлийн жилүүдэд байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал нэмэгдэж байгаа тул хог хаягдлын менежментийг сайжруулж, байгальд ээлгүй, үрэлгэн хэрэглээнээс татгалзах шаардлагатай байна.
Иймд байгаль орчны бохирдол, экологийн доройтлыг эрс бууруулах, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, нийгмийн эрх тэгш, шударга байдлыг хангах, ногоон хөгжлийг цогцлооход эдийн засаг, нийгмийн бодлого бүрэн чиглэгдэх ёстой.
Улс орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, сорилтыг дангаар шийдвэрлэж, даван туулах боломж хязгаарлагдмал тул олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан ашигтай хамтран ажиллаж туршлага солилцох, цаашлаад төрийн байгууллагууд хоорондын уялдааг хангах замаар нэгдсэн уялдаатай бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлэн байдлаа эрс сайжруулах шаардлагатай байна.
Энэ утгаараа өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байна.
Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал юм.
Төрөөс ногоон хөгжлийг дэмжих зорилго бүхий Ногоон хөрөнгө оруулалтын корпорац, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон сан, Ногоон зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн механизмыг хөгжүүлж, үр дүнтэй ажиллах шаардлагатайг эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг.
Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хандивлагч орнууд байгаль орчны асуудалд онцгой анхаарч, ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх болсон энэ цаг үед Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна.
Өнөөдрийн чуулганаас дараах чиглэлүүдээр бодит санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
-Бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай хамтдаа үр дүнтэй тэмцэж, хамтын бодлого шийдвэр, төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
-Бүс нутаг төдийгүй Монгол Улс дотооддоо төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлж, цаашдын эрсдэлийг урьдчилан тооцох тогтолцоог бүрдүүлж, ил тод байдал, тайлангийн стандартыг нэвтрүүлэх,
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хангамжийг сайжруулах Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэх боломж, арга замыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах,
-Олон улсын шилдэг туршлагад үндэслэн Монгол Улсын ногоон санхүүжилтийн тогтолцоо, зорилт, чиглэлийг шинэ түвшинд гаргах “Үндэсний тогтвортой санхүүгийн стратеги, замын зураг”-ийг батлах,
-Хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн сонирхлыг нэмэгдүүлэх оновчтой бодлогын хөшүүргийг хөгжүүлэх,
-Санхүүгийн салбарт ногоон зээл, ногоон хөрөнгийн зах зээлийн бодлогын болон эрх зүйн орчны шинэчлэлийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлууд байна.
Дээрх чиглэлүүдээр гарсан санал, санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бидний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагууд, төр, хувийн хэвшил, ард иргэд Та бид хамтдаа нэг зүгт харж, нэгдмэл, харилцан уялдаатай бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж байж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг зогсоож, байгаль эхээ хамгаалж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлж чадах болно.
Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.