Улыс он болсын, ак мол болсын

2023-03-22 Монгол уламжлал

Өдрийн сурвалжлага

Анчин бүргэд, аялгуут домборын эзэд Казах түмний үндэсний их баяр эдгээр өдрүүдэд тохиож байна. Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Энэхүү сайхан баярыг тохиолдуулан Казах түмний төлөөлөл болгон Төв аймгийн Угтаалцайдам суманд 30 гаруй жил мал маллан өдгөө сум, аймгийн Сайн малчин болон улсын Мянгат малчин Х.Жанарыст гуайнд зочилсон юм.

Биднийг очиход Х.Жанарыст гуайнх зочдын хөлд хэдийнэ дарагджээ. Үндэсний дээл хувцсаараа гоёсон азай буурлууд, нялхас балчирууд нямбайлан зассан урт ширээний ард баярын зоог хүртэн, амны билэгтэй үгсээр ерөөл урсган, хуучилна. Цөөнх түмний өв уламжлалыг хадгалах үндэснийхээ угалзаар чимсэн бүтээлэгтэй ширээн дээр тавагтай мах, хайрсан боов, чихэр жимс чигжүүхэн өржээ. Казах бүсгүйн урласан эрээн аравчны наана домбор хөгжим, гэрийн эзний “Сайн малчны” өргөмжлөл, хатгаламаар урласан хөнжлийн уут, орны бүтээлэг гээд аргагүй казах зоныг илтгэнэ…

Гэрийн хойморт аксакал буурлууд тухлаж, идээ ундаанд хүрэхийн өмнө бата буюу ерөөл өргөнө. Ийнхүү “амин” буюу “Тэр ерөөл бат оршиг” хэмээн хоёр алгаараа хавсарч буулгах нь ерөөлийг билэгшээн хүлээж авсаны дохио болой. Удалгүй  бүсгүйчүүд үндэсний аягатай баавар улаан цайгаа хүн бүрт аягалан барив. Гэрийн эзэн казаа жиргэж, гийчдээ дайлна. Ер нь казах түмэн махыг олон төрлөөр бэлтгэж сурчээ. Түүгээрээ зай завгүй дайлдаг зочломтгой ард түмэн юм. Удалгүй көжэ ирлээ. Көжэ гэдэг нь халх түмнийхээр бол бууз. Үндэсний баярынх нь гол зоогийн нэг. Өөрөөр хэлбэл, энэ өдрийн зоогийн орцонд заавал долоон төрлийн хоолны бүтээгдэхүүн орсон байх учиртай. Үүнд ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорх долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Түүнчлэн заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг хэмээн гэрийн эзэгтэй хуучилсан юм.

Тэгэхээр Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилон идэж ууж, дуулж хуурдан үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглон инээлдэж хөөрөлдөн, хүн амьтан гомдоосон бол нэг нэгнээ уучлан баярладаг уламжлалтай.

Тэр ч утгаараа Х.Жанарыст гуайнх эл өдөр Кокпар буюу тулам булаалдах тэмцээнийг залуусын дунд зохион байгуулав. Толгойг нь авсан ямаан туламыг булаалдана. Тулам 30-40 кг жин татдаг тул их бяр чадалтайн дээр морь унахдаа гарамгай хүмүүс энэ уралдаанд оролцдог байна. Энэ удаад 10 гаруй залуус оролцож, тулам булаалдав. Харин тэмцээнд ялалт байгуулсан залуу тулмыг авч хэн нэгний гэрийн дээр аваачиж чулуудсанаар тухайн айл махыг нь чанаж, идээ будаа бэлдэж тэнд найр наадам болдог уламжлалтай гэнэ.

Мөн эл үеэр Кыз буюу бүсгүйг гүйцэх наадгай болж, хурсан олныг баясгав. Уг тоглоомонд үндэсний хувцсаар гоёсон хосууд оролцоно. Оролцогчид мориор 300-400 метр давхиж, эргэн гараанд иртэл үргэлжилнэ. Эргэх газар хүртэл давхих хооронд эрэгтэй нь давхиан дундаа бүсгүйгээ гүйцээд тэвэрч, үнсэх ёстой. Бүсгүй аль болох баригдахгүй байхыг хичээнэ. Хэрэв залуу нь үнсэж чадвал эргэсний дараа буцаж давхихад нь бүсгүй нь түүнийг гүйцэн ташуурдаж шийтгэдэг байна.

Ийнхүү баяр дээр баяр нэмж, Айтыс буюу харилцаа дууг аймгийн хөгжимт театрынхан сонирхуулж, хурсан олныг цэнгээв. Ер нь казах түмнийг дуу хуур, домборын аялгуугүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хурсан гийчид домбор, эвэр бүрээ, хэцний аялгуунд бүжин цэнгэлийн дээдийг эдлэх нь тааламжтай. Казахуудын бүжиг нь нүүдэлчдийн өвөрмөц байдал, тэдний дотоод ертөнцийн баялагийг илт харуулна. Тэдний соёлын баялаг үнэрийг илэрхийлж буй бүжиг нь хурд, хөнгөн, сэтгэл татам, бат бөх чанараараа онцлог юм. Хөгжмийн аялгуу, сэтгэл татам бүжгийн дүрүүд нь хүмүүст маш их таалагддаг тул сонирхож буй бидэнд ч өөрийгөө бүжиглэж буй мэт санагдана. Тэд бүжиглэхдээ “морин хөдөлгөөн”, “морины алхам” болон бусад өндөр хэмнэлтэй хөдөлгөөнийг ихэвчлэн ашигладаг бололтой.

…Ийнхүү орсон бороо арилж, ирсэн зочид буцдаг хойно бид ч нутгийн зүг хөлгийн жолоо залав. Харин өнөөдөр тэднийх лавтайяа олны хөлд дарагдсан байх. Учир нь эл баяраар аксакал буюу ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхнээрээ заавал айлчилдаг байна. Ер нь Наурызын баяраар 40 айлаар орж, 40 ерөөл сонсохыг ихэд билэгшээдэг гэж байсан. Х.Жанарыст гуайн хэдэн хүүхдүүд, айл аймгийнхан нь тэднийхээр орж гарч бас бужигнаж, залуу хойч үедээ сургаал юугаа хайрлаж суугаа байх аа.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.