Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын зүгээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 63 дугаар тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг болгох, 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 15 хувиар нэмж байна. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийг шуурхай зохион байгуулж, олгох үүрэг даалгавар өглөө. Бид арилжааны банкуудад нэмэгдэл төсвөө шилжүүлчихсэн. Банкууд олгож эхэлсэн. Одоогоос 3-4 цагийн дараа тэтгэврийг олгож дуусна гэдэг мэдээлэл байна.
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн тухайд, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн тус сангаас авч байгаа тэтгэврүүдийг буюу бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянганд хүргэх зорилготой байсан. Ингэхдээ Сангийн сайд болон ХНХ-ын сайдад тогтоол гарсан даруйд тэтгэврийг олгох үүрэг даалгавар өгсөн. Инфляцын түвшинтэй уялдуулаад 15 хувь нэмэгдүүлж байгаа.
2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр авч байна.
УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. 637 орчим тэрбум төгрөг тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай болж байгаа юм.
197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.
Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрч байна.
Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчилнэ. Тухайлбал,
Өндөр настны
Тэжээгчээ алдсаны
Цэргийн тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг олгодог.
Банкуудад нэмэгдсэн дүнгээр жагсаалт олгосон бөгөөд тэтгэвэр иргэдийн дансанд орж эхэлсэн” хэмээв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.