“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон байтал үнэ тарифаа хянуулаагүй хууль зөрчсөн тул торгууль ногдуулсан байна. Тодруулбал, тус нисэхэд зургаан сая 268 мянга 304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208 сая 943 мянга 478 төгрөгийг хураан авах шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ.
Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийнэ” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан байдаг.
Иймд тус хуульд заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээн шалгажээ.
“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн дараах шийтгэлийг оногдуулжээ. Үүнд:
-Зохицуулалтгүй үйлчилгээний 2020 оны борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу зургаан сая 268 мянга 304 төгрөгөөр торгох;
-Хууль бусаар олсон орлого болох 208 сая 943 мянган төгрөгийг хураан авах;
-Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээг тус тус авсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.