Норов-7, Мана-4 тангийн том савлагааг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт тавьжээ

2021-11-16 Мэдээ, мэдээлэл

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмийн сан байдгаас 92-т нь энэ удаад хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон.

Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг. Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаараас давсан буюу 350-2,500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эмийн сангаас илэрсэн.

Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 хувь буюу 42-ыг нь арилгуулах арга хэмжээ авсан. 22 ААН байгууллагад 45 заалт бүхийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гурван газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй нэг компанид зөрчлийн тухай хуулиар 3,000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1,000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.

Мөн шалгалтын явцад иргэн, аж ахуй нэгжүүд 0.5 болон килограммаар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн болгон зарж байгаа учир улсын бүртгэлээс тус савлагаатай танг хасахыг Мэргэжлийн хяналтын газраас хүссэн байна. Тодруулбал, жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий. Дээрх тангууд нь нэг, гурван грамм, 500 гр, нэг килограмм гэсэн савлагаатай байдаг. Хэрэглэгчдэд 1-3 граммын савлагаа нь илүү тохиромжтой байдаг. Тиймээс тус савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг хүргүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.