Гуравдугаар тунгийн үр дүн болон иргэдийн идэвх сул байгаа шалтгааны талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бүүстер тунг хийж буй хэд хэдэн шалтгаан бий. Хөл хорио тогтоохгүй байх, боловсролын байгууллага болон бусад бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт тунг хийж байгаа тул иргэд олон нийтийн дэмжлэг маш чухал. Дельта хувилбарын эсрэг хамгийн гол зэвсэг нь гуравдугаар тун. Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад 14 хоног өнгөрсөн иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 0.1 хувь нь л халдварт өртсөн байгаа юм. Тэгэхээр нэмэлт тун халдвараас сэргийлж чадаж байгаа гэдэгт итгэж болно. Хоёрдугаарт, 0.1 хувийг эзэлж буй өвчлөл нь маш хөнгөн өвдсөн. Гуравдугаарт, Эрдэнэт, Оюу-Толгой, Хасбанк зэрэг байгууллагууд ажилчдынхаа 50-70 хувийг вакцины бүүстер тунд хамруулахад өмнөх сартай харьцуулахад тохиолдлын тоо нь 10-20 дахин буурсан жишээг бид харж болохоор байгаа юм. Дэлхий дахинд АНУ, Их Британи, Израиль, Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Унгар, Европын холбоо гээд олон орнууд хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомсдож байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж эхэлсэн. Тиймээс бидний хувьд хангалттай вакцинтай байгаа нь азтай хэрэг. Хүн амын 30 хувь нь нэмэлт тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь руу буурах тооцоолол бий. Ерөнхий сайдын уриалгаар эхний ээлжинд зорилтот бүлгийн 50 хувийг III тунд хамруулна. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар зэрэглэлийг шар зэрэглэл болгон бууруулах чиглэл өгсөн. Сайн мэдээ дуулгахад, энэхүү шийдвэр гарснаас хойш III тунгийн дархлаажуулалт нэмэгдэж байна. Наймдугаар сараас хойш өдөрт 4000 орчим хүн вакцинжуулалтад хамрагдаж байсан бол Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 6000 гаруй хүн болж нэмэгдсэн байна” гэлээ.