Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.
Тухайлбал энэ жил ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болжээ.