ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн.
Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцорын хоногийн дундаж агууламж наймдугаар сарын 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, нэгдүгээр хороолол, таван буудал, баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давжээ.
Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.