Монгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст Засгийн газрын хуралдаанаас даалгав.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.
Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.
Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.
Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг коронавируст халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна.
Энэ хичээлийн жилд 1.515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт 33 хувьтай байна
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам танилцуулаа.
Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 33.3 хувь, 2021 оны гүйцэтгэл 54.2 хувь байна.
Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн гүйцэтгэл 88 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ. Репо санхүүжилтийн зээл 623,5 тэрбум, ипотекийн зээл 561,6 тэрбум, хөдөө аж ахуйн зээл 319,6 тэрбум төгрөг гаргаад байна. Нийт хөтөлбөрийн хүрээнд 216 мянган ажлын байр хадгалж үлдлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулахыг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, саналаа иргэд 1111 төвд ирүүлж байгаа ажээ. Өнгөрөгч долдугаар сарын 22-30-нд ирсэн дуудлагын 114 нь хүнд сурталтай холбоотой байжээ.
Харъяа дүүргийн Газрын албаны үйл ажиллааны хүнд суртал, төрийн байгууллагууд иргэдээс ирсэн дуудлагыг хүлээн авахгүй байх, төрийн зарим үйлчилгээ иргэдэд ойлгомжгүй, тодруулах байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй байгааг иргэд шүүмжилж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.