Эрүүл мэндийн салбарын ажилчдад нэг удаа 1-2 сая төгрөгийн тэтгэмж олгоно

2021-06-29 Засгийн газар

-УЛААН БҮСЭД ажиллаж буй ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДАД хоёр  САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА-

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр тусгасан. Энэ нь оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусийн халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж байгаа аж.

Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох, эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч нарт нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох, мөн тэдний цалинг 50 хувиар нэмэх төслийг өргөн барихаар болжээ.

Тодруулбал, энэхүү мөнгийг улаан бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн 13 мянган ажилтанд нэг удаа хоёр сая, улаан бүсэд ажиллаагүй эрүүл мэндийн салбарын 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулна гэв. Үүнээс гадна улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нэмж 2000 ор дэлгэхэд 110, резидент эмч нарыг дайчлахад 3.7, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн айл өрхүүдийн орлогыг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг он дуустал олгох саналыг тусгасан байна.

Түүнчлэн айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хураамжийг он дуустал төрөөс олгохоор болжээ. Харин сайжруулсан түлшний үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 50 хувиар бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.