Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Тодруулбал,
Цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий болгох, усны хяналтын нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх
Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, инновацлаг техник технологийн шийдлийг нутагшуулах
Шинээр баригдах орон сууцад ахуйн хэрэглээний усыг дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэх зэрэг ажлууд багтжээ.
Ажлын хэсгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ахалж байгаа бол нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 16-нд хуралдаж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьсан.
Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй хууль, эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний ажил, нэвтрүүлэх боломжтой инновац, технологийн шийдэл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэх мэт холбогдох 15 мэргэжлийн байгууллагын удирдлага, албан хаагч, төлөөллүүд багтжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.