Ж.Мөнхбат: Өнгөрсөн жилүүдэд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн

2017-06-2 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлд “Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан. Эдийн засгийн үзүүлэлт ийн унах болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан. Мөн хөрш зэргэлдээ орнуудын эдийн засаг буурсантай холбоотой. Мөн төсөв мөнгөний алдаа бодлого ч нөлөөлсөн. Түүнчлэн өмнөх Засгийн газар, Монголбанктай хамтарч төсөвт тусгагдаагүй төсөв хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь эдийн засаг саарах үндэслэл болсон. Нөхцөл байдалтай холбогдуулж эрх баригчид төсөв санхүүгийн бодлогоо чангатгах байтал хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж ирсэн байна.

Эдүгээ Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ ОУВС-тай хамтарч ажиллахаар боллоо. Цаашид Засгийн газрын өрийн хэмжээг 2016 оны төсвийн жилд 88 хувь, 2017 оны төсвийн жилд 85 хувь, 2018 оны төсвийн жилд 80 хувь, 2019 оны төсвийн жилд 75 хувь, 2020 оны төсвийн жилд 70 хувь, 2021 оны төсвийн жилд 60 хувь байхаар тооцоод байна” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Улс орны эдийн засаг хүндэрсэн. Өнгөрсөн жилүүдэд үзэгний үзүүрээр хэн хаана гарын үсэг зурж байгаагүй нь тодорхойгүйн дээр 5-6 төсөвтэй явсаны горыг монголын ард түмэн, аж ахуй нэгж үүрч байна. Сүүлийн үед сонгууль ойртсонтой холбоотой хар бараан мэдээлэл их цацаж байна. Энэхүү мэдээлэл улсын эдийн засгийг унагах шалтгаан болох магадлалтай шүү. Өнгөрсөн 20 гаруй жилд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Үүнд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн өнөөдөр үндэсний баатар мэтээр ярьж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэлээ.УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Нийгмээрээ нэг мэдээлэлтэй, нэг ойлголтой болж сонгуульд оролцох зорилгоор энэхүү мэдээллийг хийдэг. Уг нь сонгууль болохоос нэг сарын өмнө мэдээллийг хийсэн байх ёстой. Ингэснээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад ашиглах, хоёрдугаарт сонгогчдыг төөрөгдүүлэхээргүй нэг мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Гэтэл эл мэдээлэл хоцорч хэлэлцэгдэж байна. Энэ мэдээлэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндэс байх учиртай. Үүгээр бид нэг ойлголт мэдээлэлтэй боллоо” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ удаагийн дүгнэлт анх удаа улстөржөөгүй дүгнэлт болж байна. 2012-2016 онд уул уурхай дагасан эдийн засгийн хямрал үүссэн. Үүнийг Сангийн яам үнэн зөвөөр нь оруулж ирсэн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт юу болж байна вэ? Тодорхой тоо хэлээд өгөөч. Гурван сая хүн амтай улсад 70 сая мал ихдээд байна. Тиймээс энэ салбараа эргэлтэд оруулах нь эдийн засаг сэргэх зөв” гэв.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөгч “Хөдөө аж ахуйн салбар маань уул уурхайгаас өмнө эдийн засгийн гол үүрэг гүйцэтгэж байсан. Жил тутамд 7-8 сая толгой мал нэмэгддэг. Өнгөрсөн онд экспорт гаргасан махны хэмжээ 9000 тонн байгаа. Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд малыг вакцинд хамруулах асуудлыг тусгасан. Дээр нь “Мах сүүний анхдугаар аян” хэрэгжүүлэхээр тусгасан” хэмээн хариуллаа.

Ийнхүү УИХ-ын гишүүд энэхүү мэдээллийн дагуу асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлж байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.