- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
- Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
- Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон талын хяналттай зохион байгуулах зохицуулалтуудыг хуульчилсан. Тухайлбал, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байсныг өөрчлөн өөрийн болон өөрийн байнга оршин суугаа газрын хаяг дахь нийт сонгогчдын мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг хуульчилсан. Мөн сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, нэр дэвшигч болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага танилцах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд дээр дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.
- Нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах бөгөөд уг мэдүүлгийг тус газар нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.
- Сонгуулийн сурталчилгааны тухайд хуулиар зөвшөөрсөн 8 төрлийн арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд нийт 15 хоног явагдана.
- Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг болох хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь, гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулна.
- Нэг хүн сонгуулийн өөр өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр тус тус зохицуулсан болно.