УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэх явцад, АН-ын бүлэг 16.00 цаг хүртэл завсарлага авлаа.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг дахин нэр дэвших эрхийг хязгаарласан заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас одоо нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт тусгах шаардлагатай гэж цэцийн гишүүдийн дийлэнх үзжээ.
Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Уг асуудлыг ҮХЦ-ээр хэлэлцэхэд оролцсон цэцийн хоёр гишүүн энэ дүгнэлтийг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн байна. Тиймээс уг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа тул ажлын 5 хоног завсарлага авах хүсэлтэй байна” гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн бөгөөд нэр дэвших ажиллагаа үргэлжилж байгаа тул УИХ шийдвэрээ шахуу гаргах шаардлагатай байгааг онцлоод 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.