Сүхбаатар аймийн Дарьганга сумын нутагт өчигдөр гарсан хээрийн түймэр Шилийн богдоор дамжин Эрдэнэцагаан сумын нутагт хүрч улмаар БНХАУ-ын хилийг давсан мэдээллийг өчигдөр гарсан. Нутгийн иргэд, малчид, Онцгой байдлын газар, ХЦ-ийн албан хаагчид хамтран түймрийг өнөөдөр 06.00 цагт цурманд оруулсан байна. Салхи ихтэй байгаа учир түймрийн унтраахад хүндрэлтэй, цурманд оруулсан ч эргэж гарах эрсдэлтэй байгаа. Иймд түймрийг унтраахад оролцсон байгууллага, иргэд бэлэн байдалд ажиллаж байна.
Дарьганга сумын II багийн нутаг Баянцагаан гэдэг газар өчигдөр 11.58 цагт хээрийн түймэр гарсан гэх дуудлага аймгийн ОБГ-т ирсэн. Түймрийг унтраахаар ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан сумдын ЗДТГ-ын албан хаагчид болон малчид, ард иргэд нийлсэн 150 гаруй хүн, 21 авто машинтай ажилласныг албан эх сурвалжууд өглөө.