Монгол ёсноос ангид, анх удаа арагшаа харсан үүдтэй барьсан томоохон байгууламж болох Төрийн ордон монголчуудын “арын хаалга”-ны билэгдэл болжээ. Арын хаалгаар ордог болох, тусгай хангамжид орохыг хүсэх сэхээтнүүдэд хувь хүний үзэл бодол, бүр нэр төр ч падлийгүй цаг үе байлаа. Тэр хандлага өдгөө ч үргэлжилсээр.
Төрийн ордон маань энэ жил 70 насныхаа ойтой золгож байна. Төрийн ордныг анх ЗХУ-ын тусламж, К.Е.Воршиловын санал болгосон зураг төслөөр 1947 онд барьж эхлээд, 1951 онд дуусгасан. Ингэж нэг Төрийн ордонтой болох хүртэл одоогийн Боловсролын их сургуулийн байранд төрийн гол аппаратууд төвлөрч байлаа.
Төрийн ордны суурийг олзлогдсон 300 япон цэрэг, засан хүмүүжүүлэх газрын 4000 хоригдол, 400 иргэн Туул голоос зөөсөн чулуугаар цутгасан. Тухайн үед Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын орлогч дарга байсан Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга байсан Ж.Агваанлувсан нар хожим, “Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, дөрөвдүгээр зэргийн хайрган хөрстэй” хэмээн дурссан нь бий. Харин барилга угсралтыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрт цохисон тоосго, Цагаан булгаас зөөсөн шохойгоор дотоодын 300, гадаадын 500 хоригдол (орос, хятад, япон) хөлсний ажилчин 400 хүн гурван жил зүтгэсний эцэст дуусгасан. Ордныг 1961, 1981, 2006 онуудад гурван удаа өргөтгөж, өнөөгийн дүр төрхөө олсон билээ.
Анхны арын хаалга
Төрийн ордны анх барьсны дараа урд хаалгаар нь ажилчид, хойд хаалгаар нь дарга нар ордог журам үйлчилж эхэлсэн гэдэг. Мэдээж хэрэг энэ журам яваандаа өөрчлөгдсөн. Гэхдээ л гол орц, хаалга нь ар талдаа байдаг энэ байгууламж монголчуудын хувьд төрийн хүч, дарга ангийн төвлөрлийн билэгдэл байсаар иржээ.
Судлаач Д.Ганхуяг, “Төр нь монгол хүний хувьд төр нь цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно” гэж дүгнээд “Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтгах менталитеттай байдаг байна. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг явдал болно. Иймээс жирийн бус хүн буюу дарга болох туйлын дуртай” гэж тодорхойлсон нь хэтийдүүлсэн хэрэг бус. Энэ дүгнэлт үнэн гэдгийг 1930-аад онд айл саахалтаас эхлээд ах дүүсээ “матаж”, нийгмийн тэргүүлэгч сэхээтнүүдээ устгаад завсар зайлхайгаар нь төрийн сэнтий рүү мярайн гарч ирсэн нэгэн үеийнхний түүх, 1990-ээд оноос чөлөөт эдийн засгийн ачаар өдий болтол хөгжсөн хэрнээ дарангуйлагчийг, авторитаризмыг магтан дуулж, гурван өрхийн нэг нь ядуу байгаа шалтгааныг дор хаяж 3000 гэр бүлийг тэжээдэг 30 баялаг бүтээгч гэр бүлтэй холбож ойлгоод, популистуудад саналаа худалдаж буй өнөө цагийн иргэдийн сонголт гэрчилнэ.
Хувь заяандаа эзэн болох бус хэн нэгэн ухаантанд найдаад “Гар газар хөл хөсөр суух” хүсэл маань биднийг “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” явахад хөтөлж улмаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн үгийг мартахад хүргэв. “Нохой зассан эзэндээ янаг” гэгчээр гэр бүлээ бараг л хаан сэнтийд залангаа алдсан гурав дахь Ерөнхийлөгчөө эвийлцгээж, шашны байгууллагаас гол гаргасан сувгийг нь үзэн тархиа угаалгацгаана. Хятадын Фен Шүйг Монголд оруулж ирсэн, Монгол Улсад орж ирсэн хамгийн том уул уурхайн төслийг ах дүүсээрээ шантаажилж амьдардаг улстөрчийг улсаараа талархан дэмжинэ.
Судлаач Х.Гүндсамбуу социализмын үеийн нийгмийн давхаргыг “малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатурч” гэж ангилсан. Номенклатур ангийнхан өөрсөддөө зориулсан тусгай тогтоол гаргаж жирийн малчин өрхийн дундаж цалингаас 40 дахин их цалин авч, өдрийн ажлын хөлснөөс 30 дахин их үнэтэй хүнсний тусгай хангамж эдэлж байжээ. Харин жирийн иргэд гадаад мэргэжилтэн, дарга нарын ордог тусгай дэлгүүрээс бүтээгдэхүүн үнээр нь худалдаж авахын тулд, арай илүү нөхцөлтэй нийгмийн үйлчилгээ авахын тулд танил талаа ашиглана эсвэл хээл хахууль өгнө. Түүнийгээ “арын хаалга” гэнэ.
Монгол ёсноос ангид, анх удаа арагшаа харсан үүдтэй барьсан томоохон байгууламж болох Төрийн ордон ийнхүү монголчуудын “арын хаалга”-ны билэгдэл болжээ. Арын хаалгаар ордог болох, тусгай хангамжид орохыг хүсэх сэхээтнүүдэд хувь хүний үзэл бодол, бүр нэр төр ч падлийгүй цаг үе байлаа. Тэр хандлага өдгөө ч үргэлжилсээр.
Нэр төр бүхий судлаач, эрдэмтэд нь бүгдийн ард намын батлах баадуудах агаад, их сургуулийн ректорын албан тушаал сайдын хэмжээнд үнэлэгдэж байна. Дэд захирлууд, бүр тэнхимийн эрхлэгчийн түвшинд ч намын гар хөл шургалах агаад, энэ чигээрээ удвал төрийн өмчит сургуулиуд дээр намын үүр байгуулагдах шинжтэй болов.
Хүн суртлын лабиринт
Төрийн ордонд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, Хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо гэсэн байгууллагууд шинэ он гарахтай уралдан 12 сарын 30-ны дотор нүүж орж төвхнөжээ. Тухайн үедээ парламент, Засгийн газар, Аудит, Эрх баригч нам, Шүүх засаглал, Үзэл суртлын нүсэр аппарат нь Төрийн ордонд төвлөрчээ. Хойшдоо хийгдсэн өргөтгөл болгоноор ордонд суух хүнд сурталтнууд нэмэгдсээр 1990 оны Ардчилсан хувьсгалтай золгосон.
1990 онд Төрийн ордны хонгилд эрх баригчидтай хэлэлцээр хийхээр зогсож байсан ардчилсан хөдөлгөөний лидерүүд чухам л энэ төвлөрсөн хүнд суртлын бүтцийг эвдэж хаяхаар гадаа цугларсан ард түмнийг уриалж байлаа. МоАХ-ны лидер Ц.Элбэгдоржийн “Тусгай хангамж, тусгүй амьдрал” хэмээх хурц дайчин нийтлэл тухайн үед хэвлэгдсэн нь эдүгээ сонины шарласан хуудаснаа үлджээ. Харамсалтай нь ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн байтал Төрийн ордон хүнд суртлын төвлөрөл хэвээр үлдэж, барилгын зохион байгуулалтын хувьд ч, дотор өрнөдөг үйл явцын хувьд ч улам бүр ярвигтай болж хувирчээ.
Хүнд суртал, дарга ангийн эрх ямба ч социализмын үеэс ялгарах юмгүй болсныг их хурлын гишүүд нь иргэдэд зориулсан ЖИДҮ-г дэмжих бага хүүтэй зээлийг хамаатнууддаа аваад өгчихдөг, улсын нийгмийн даатгалын санг жишим ч үгүй шамшигдуулдаг, ордны нэг жигүүрийг тусгайлан хааж байгаад улсын гүйцэтгэх засаглалыг огцруулах хороо найруулдаг, ордны нэг жигүүрийн гонхноос Монгол Улсын толгой бизнесмэн унаж нас нөгчихөд хэрэг илрэхээ байснаас бэлээхэн харж болно. Тусгай хангамж эдүгээ тусгай хулгай болж, тусгүй амьдралтай хүнд сурталтнууд улам үржин олширчээ.
35804 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 12 танхим, 491 албан өрөө, тасалгаатай (талбайн хэмжээгээр АНУ-ын Цагаан ордноос 6 дахин их, өрөөний тоогоор гурав дахин их) Төрийн ордонд өдгөө Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар байрлаж, УИХын чуулган, Засгийн газрын хуралдаан болохын хамт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын батлан өгүүлснээр бол Шүүх засаглалын төлөөлөгчид зүүн жигүүрт тогтмол дуудагдан орж гарч байдаг билээ. 20 гаруй нэр төрлийн нийтлэг үйлчилгээг дарга нар болон тэдний оролцсон арга хэмжээнд үзүүлэх зорилготой Төрийн ордонд дээр нь тэнгэр л байдаг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс эхлээд сумын сургуулийн цэвэрлэгч, соёлын төвд авах “Yamaha” хөгжмийн асуудал хүртэл шийдэгдэнэ. Төрийн ордны байдлыг илт дэлгэрэнгүй бичвэл цусны даралт болон зүрх судасны өвчин түгээмэл Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэх тул их хөлгөн тууль Жангарын найруулгаар хайлах гээд үзье:
Зээ
Төрийн ордонд нь болвол монгол төрийн олон олон түшмэл, сайдууд
Дан давхар дээлтэй сүжрэлдэн орж, гарч, сууж, ууж,
Цүнх баригчид нь горилдон дагаж,
Сэтгүүлчид нь хуйлралдан гүйлдэж байдаг билээ.
Зээ
Гурван талд нь төрийн гурван өндөрлөг маань
Есөн хөлт цагаан тугны орой дээрх жад ч гэмээр
Тамын үүдийг манах гурван толгойт нохой ч гэмээр сууж л байдаг билээ.
Ордны тусгай хамгаалалтыг бол ярих ч юм биш. Төрийн ордны тухай хуульд “…Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлж гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана… Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна… Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” хэмээн заасан байдаг. Жирийн иргэний хувьд Төрийн ордонд нэвтрэх нь хэд хэдэн дамжлагатай чухал үйл явц бөгөөд ордон дотор ажиллаж буй их бага ямар нэг хүнд сурталтан л уриагүй нөхцөлд тийш зүглэлтгүй.
Төрийн ордон байтугай хэвлэлийн хуудасны сүүлийн үед төгрөгийн ханш, авлигын индекц зэргийн талаар ярих нь өдрийн од мэт болжээ. Монгол төгрөг, цаашлаад эдийн засгийн чадамжийг харуулах долларын ханш 3000 төгрөг хүрэх нь цаг хугацааны асуудал болсон, авлигын индексээр 100 онооноос 35 оноо авч, 13 байраар ухарсан нь Монголд хүнд суртал хэрхэн цэцэглэж буйн захын нотолгоо.
Хүнд суртлын гол эргүүлэг болсон Төрийн ордон ямархан төөрдөг хонгил болсныг цөөн хэдэн тэмцэгч, сөрөг хүчнийхний жишээ яруу тод харуулна. Чухам л иргэдийн талд 10 жил орилсон Ж.Батзандан хэмээх залуу Төрийн ордонд орсноосоо хойш дуу хоолойны хонгинуур өнгөнөөс бусад нь эрс өөрчлөгдөж, ургийн бичиг нь төрийн албаны жагсаалт болж хувирсан. Улмаар өөрөө сонгосон намаасаа урваж, ард иргэдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж буй үед нүүр буруулан хилийн чанадад дипломатын ямба эдлэхээр одов.
Ордны гаднаас хамгийн цовоо цолгиун эсэргүүцлийг өрнүүлж асан ХҮ намын лидер Т.Доржхандыг Сангийн яамнаас эхлээд саарал ордны бузрыг сайн мэдэх хүү гээд сонготол УИХ-д оров уу, үгүй юу хэсэг сүрхий үг хэлснээ эрх баригчидтай илд далд сүжирсээр сүүлдээ намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг олон нийтийн санал асуулга болгон, намаа үзэл баримтлалгүйн дээр улс төрийн байр суурьгүй болсныг ил цагаан зарлаж орхив. Гялалзсан сайхан бизнесмэн Төрийн ордонд ороод ичгүүргүй хулгайч болж хувирах, нахис, тахисхийсэн хөвгүүд ордонд цүнх барьж удаагүй атлаа үндэсний хөрөнгөтөн мэт аашилж эхлэх зэрэг хачирхмаар хувирлуудыг бол тоочихын эцэсгүй. Эцэстээ ингээд Төрийн ордон маань ямар ч хүн сүнсээ худалдаж, төрөл арилжиж мэдэх төөрдөг хонгил болчихлоо.
Муугаар бодож, сайнаар санавал…
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг батлахаар Конгрессийн дээд, доод танхим хуралдаж байх үеэр хуучин Ерөнхийлөгч, зочид буудлын бизнес, гэр бүлийн тогтворгүй байдлаар нь дэлхий нийт сайн мэдэх ноён Трамп ард иргэдийг Капитол руу түрхрэн оруулж, эмх замбараагүй байдал бий болгосон. Гэхдээ Капитолд конгрессоос өөр төрийн аппарат байхгүй учраас асуудал төдөлгүй нам жим болсон. Муугаар бодоход ийм нөхцөл байдал Монголд үүсвэл хэрхэх вэ? Монголын төрийн нэгдмэл, аюулгүй байдал богино хугацаанд алдагдах юм биш биз? Юмжаагийн Цэдэнбал болон түүнийг тойрон хүрээлэгчдийн “арын хаалга”, дарга ангийн нийгмийг ард түмэн 40 жил тэсвэрлэсний эцэст 1990 онд төв талбайдаа гарч ирсэн. Монгол орны өнцөг булан бүрт шүү. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн дараа нөхцөл байдал эргээд хуучин байрандаа оччихлоо.
Ард түмэн өдгөө Төрийн ордныг ахиад хүнд суртлын цайз хэмээн харж байна. Энэ бол аль нэг нам, Төрийн ордонд зургаа жаазалж үлдээх сонирхолтой улс төрийн хэнээтнүүдийн эрх ашиг, мэдэл ухамсраас давсан нөхцөл байдал. Үүнийг хэлбэр талаасаа ч, агуулга талаасаа ч өөрчилж байж шийднэ. Магадгүй Төрийн ордноос Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг гаргаж, ядахнаа хэлбэр талаасаа давхар дээл, хүнд суртлын төөрдөг хонгилоо цэгцлэх нь их өөрчлөлтийг эхлэл, өнөөгийн нөхцөл байдалд тохирох хамгийн ухаалаг шийдэл ч байж мэдэх юм. Орох газар нь хаана байгаа юм гэж үү? Төрийн ордноосоо үзэмжтэй Цагдаагийн газар, хуулбар үзмэрээр дүүргэх Чингис хааны музейн барилгуудыг Сүх жанжины талбайг тойроод ядуурлын түвшин, долларын ханштай уралдан сүндэрлүүлж чадсан билээ.
Нийтлэлч Я.Баяраа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.