Монголын хувьсгал тэмцлийн түүхийг хураавал манжийн дарлалаас мултарч эрх чөлөөгөө олсон 1921 оны гэх тотголтой хувьсгалын он жилүүдийг онцолж судар бичигт түүхийг нь үлдээсэн нь бий. Тэгвэл түүхийг өөрийн гараар бичиж явсан цэргийн жанжин Д.Сүхийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тиймээс Д.Сүхбаатар жанжны удам угсааг залгамжилж яваа Ц.Хүрэлсүхтэй ярилцсан юм.
-Та жанжинтай ямар хамаатан болдог юм бэ?
-Эх талын хамаатан. Цагаан дээлт Дамдины гэргий Ханд гэдгийг хүн бүр мэднэ. Аав нь Шүхэр гэж хүн байжээ. Долоон хүүхэдтэй. Бага охин нь Ханд. Би бол Хандын талын хүн л дээ. Хандын эгч Борхоо гэж хүн байсан. Түүнээс миний эмэг эх Уужимцэрэн гэж хүн гарсан байдаг. Уужимцэрэнгээс миний эх Намжинцэрэн гэж хүн гараад би төржээ. Гэвч би эхээс ганцаараа. Жанжны дөрөв дэх үеийнх нь хүн юм даа. Ер нь сүүлийн жилүүдэд Жанжны нэртэй хөшөө, газруудад цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх болсон. Яг тодорхой хэлбэл, Жанжны 70 насны ойгоос эхлээд л онцгой тэмдэглэж урилга заллага авдаг болсон. Энэ жил 124 жилийн ой тохиож байна.
-Та хэзээнээс эхлээд жанжны хамаатан гэдгээ мэдсэн бэ?
-Их хожуу мэдсэн. Хорь хүрээгүй л байсан болов уу. Би Жанцан гэдэг хүний ганц хүү. Аав, ээж, миний нагац ах амьд сэрүүн байхдаа Д.Сүхбаатарын хүү С.Галсан ахтай танилцуулснаар өөрийгөө Д.Сүхбаатар жанжны төрлийн хүн гэдгээ мэдсэн. Миний хувьд малчин гаралтай, эцэг эхтэйгээ хөдөө аж ахуй, мал дээр амьдарч байгаад 1958 онд Улааанбаатар хотод цэргийн албанд ирсэн. Цэргийн албанд 30 гаруй жил ажиллаж, хурандаа цол хүртсэн. Улсад 40 гаруй жил ажилласны 30 гаруй нь цэргийн албанд, үлдсэнийг хөдөө аж ахуйн нэгдэлд тоо бүртгэгч, мал аж ахуйд зориулсан. Манай өвөө их жанжин Д.Сүхбаатар, түүний аав Цагаан дээлт Дамдин, түүний өвөг эцэг Төгөө, Элбэг, Ээлт гээд Монголыг Манжийн дарлалд байхад эх орныхоо төлөө зүтгэж ирсэн дандаа цэргийн дэг сургуулиар явчихсан баатар эрчүүд байсан гэгдгийг хожим түүхээс мэдсэн.
-Өнөөдрийн байдлаар танаас гадна Д.Сүхбаатар жанжны садан төрлийн хэчнээн хүн байна вэ?
-Сүхбаатарын Галсангийн охин Наран гэж хүн одоо байдаг. Нарангаас гарсан охин нь Сүхжаргалмаа. Наран эгч одоо 87 настай. Ер нь түүхч, судлаачдын үзэж байгаагаар бол 300 гаруй хүн байна гэдэг юм билээ. Д.Сүхбаатар жанжны түүхийг бичсэн Лувсанноров гуай 1950 оноос эхлэн түүхийг нь судалж, Цагаан дээлт Дамдин нь Хайсан, Ханд нь Хэрэйд овогтой хүмүүс байжээ гэдгийг мэдсэн байдаг.
–Д.Сүхийг Ардын хувьсгалын анхдагч, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө явж байсан баатар гэдгээр нь алдаршуулахын зэрэгцээ хувьсгал хийж явсан энэ хүний үр удмыг төрөөс харж үзэх онцгойлон анхаарах зүйл байдаг уу?
-Ёстой тийм зүйл байхгүй.
-Жанжны ээж, аав ямар хүмүүс байсныг дурсаач?
-Цагаан дээлт Дамдиных туйлын ядуу айл байсан гэдэг. Тухайн үед цагаан дээлт Дамдин Хандтай суухын тулд Шүхэртийнд зарцлагдаж байсан гэнэ лээ. Шүхэртийнх тэр үедээ л сэхээтэн, баян айл байж. Шүхэртийнд зарцлагдаж байхдаа Хандтай хайр сэтгэлийн холбоотой болж, Шүхэрт охиноо Дамдинтай суулгахгүй гэхэд нутгийн хэсэг залуус Дамдин, Ханд нарыг хоёр хүүгийнх нь хамт Богдын хүрээ буюу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу оргуулсан гэж эмээ Янжмаа надад ярьж байсныг санадаг. Дамдин цагаан мориндоо том хүү Дэндэвээ суулган хөтөлж, Ханд Аранжин хүүгээ аргандаа хийж үүрээд явган Нийслэлд ирсэн гэдэг. Тухайн үед Даваа мээрэн гэдэг хүнтэй танилцаж, тэрээр дөрвөн ханатай гэр барьж өгөөд хашаандаа буулгуулж байсан гэдэг. Дараа нь хуучны Амгаланбаатар хотод хоёр баганатай Дарь-Эхийн сүмд Д.Сүхбаатар жанжин 1893 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлсэн гэдэг. Энэ нь одоогийн Амгалан шүү дээ. Ханд гурван хүү дараалан гаргасан. Дамдинынх Дарь-Эхийн сүм хийдийн дэргэд амьдарч хүүхдүүдээ хоолтой залгуулж байсан. Туйлын ядуу амьдарч байсан учраас сүм, хийд бараадаж амьдарсан хэрэг л дээ.
–Жанжны нэр угтаа бол Сүх. Гэтэл бид Сүхбаатар хэмээн дуудаад дадчихжээ. Таны нэрний тухайд ч сүхтэй юм. Нарангийн охин ч мөн Сүхжаргалмаа гэж бий. Сүх жанжны удам угсаа гэдэг утгаараа сүх гэдгийг нэрэндээ дагалдуулаад байна уу?
-Миний нэрний тухайд бол зориуд тэгж бодож өгөөгүй байх. Би чинь их хожуу сүүлд жанжны хамаатан гэдгээ мэдсэн. Жанжны нэрний тухайд бол Улаанбаатараас зүүн урагшаа байсан Чулуутын аманд Ханд мод түүх гээд явж байтал гэнэт тэнгэр бүрхэж, бороо ормоор болсноо солонго татахад Ханд өвдөж Д.Сүхбаатар жанжин төрсөн гэдэг. Түүхэнд энэ үзэгдлийг тайлж гойд хүн төржээ гэж тайлбарладаг. Үнэхээр цагаан дээлт Дамдины хүү Д.Сүхбаатар сод хүн байсан. Сүхбаатар жанжин таван настайгаасаа Оросуудтай найзалж, орос хэлийг унаган хэл шигээ сурж, гэрийнхнийгээ хоолтой залгуулж байсан гэдэг түүх сурвалжууд бий. Дараа нь 14 настайдаа Хужирбуланд Богдын морин өртөөнд улаач хийж цэргийн хүн болж, сүүлд Богдын цэргийн сумангийн дарга болсон гэж манай эмээ /Янжмаа/ амьд байхдаа ярьдаг байсан.
-Эмээ Янжмаа танд жанжны талаар олон сайхан түүх дурсамж ярьдаг байв уу?
-Манай эмээ их сэхээтэн хүн байсан болохоор тэр бүр надад элдэв юм ярьдаггүй хүн байсан. Өрөөнд нь ч хамаагүй ордоггүй байв. Гэхдээ жанжны Ардын журамт цэргийг хэрхэн эмхлэн байгуулсныг ярьдаг байсан. Сүхбаатар жанжин тайж ноёд, харгис хэрцгий хүмүүстэй тэмцэж, ядуу буурай ард иргэдийг хамгаалахаар Ардын журамт цэргийг анхлан байгуулах санаачилгыг гаргаж, хэсэг хүмүүстэй нийлж бүлэг байгуулсан байгаа юм. Ингээд партизан, Хиагтыг чөлөөлөхөд хороон дарга байсан Тогтохтой ярилцаж хэсэг морьтой залуустай 3-4 хоногийн хүнсээ бэлтгээд гэрээсээ гарч, Ардын журамт цэрэг гэдгийг байгуулахаар гарсан ч бүтэлгүйтсэн, тэд эцэстээ зорилгодоо хүрсэн. Хиагтад очиж Коминтерн намынхантай холбоо тогтоож байсан. Сүхбаатар бүх зүйлдээ гарамгай, дайчин хүн байсан гэдгийг эмээ Янжмаа маань ярьдаг байсан.
-Сүхбаатар жанжны гэргий Янжмаа ямар ааш зантай хүн байв. Ханийнхаа ажилд идэвхтэй оролцдог байв уу?
–Сүхбаатар жанжины гэргий Янжмаа нь Д.Нацагдорийн эхнэр Пагмадуламыг эс тооцвол Монголын анхны эмэгтэй удирдагч байсан. Эмээ жанжин Д.Сүхбаатарыг өөд болсны дараа овгоо нөхрийнхөө нэрээр сольсон. Янжмаа эмээ Улсын Бага хурлын гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Эмэгтэйчүүдийн хорооны дарга хийж удирдах албанд ажиллаж ирсэн. Монгол Улсад анх цэцэрлэг гэдэг зүйлийг санаачлан байгуулж байсан түүхтэй. Цэргийн оёдлын үйлдвэр, нийтийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Янжмаа эмээ 69 насандаа өөд болсон. Жанжны ажилд туслахаас гадна өөрөө сэхээтэн, эрэмгий хурц үзэл санаатай хүн байсан.
-Д.Сүхбаатар жанжны ганц хүү Галсангийн охин С.Наран гуайтай та уулздаг уу?
-Байнга уулзаж, холбоотой амьдардаг. Хамгийн ойр дотно харилцаатай байгаа хүмүүсийн нэг. Наран эгч мөн өвөөгөөрөө овоглож ирсэн. С.Наран гуай нэрт дипломатч М.Дүгэрсүрэнтэй ханилж, таван хүүхэд төрүүлж, энх тунх амьдарч байгаа. Д.Сүхбаатар жанжны гуч буюу Наран эгчийн хүүхдүүд болох Сүх-Эрдэнэ, Сүхжаргалмаа Сүхгэрэл нар бүгд мундаг боловсролтой хүмүүс бий. Зарим нь нийгэмд танигдаж, мэдэгдээгүй яваа. Гэхдээ одоо ихэнх нь бурхан болжээ.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх дөрвөн хүү, таван охинтой. Би одоо 80 гарч явна. Манай хань бид хоёр хоёулаа айлын ганц хүүхдүүд. Манай хамгийн том хүү зэсвэгт хүчний салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай есөн хүүхдээс зургаа нь дээд сургууль төгссөн. Ач, зээ, зээнцэр нийлээд 50 дөхөж, өнөр өтгөн, энх тунх амьдарч байна. Надад жанжны ажил амьдрал, гэр бүл, газар усны талаар цуглуулсан, судалсан түүхэн баримтууд нэлээд бий. Ном л үлддэг учраас түүнийгээ эмхлэх санаатай л сууна.
-Д.Сүхбаатар жанжинтай холбоотой баримтат кино нэлээд бий. Орчин цагт гарсан бүтээлүүдийг үзэв үү?
–Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсч байна. Сүхбаатарыг мөрийтэй тоглоомчин, өртэй байсан мэтээр ойлгуулах гэсэн санаатай зүйл ч байх юм.
-Сүх жанжныг Өвөрмонгол гаралтай гээд л нэг хэсэг ярьдаг байсан?
-Сүхбаатарын удам угсаа бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд нэгэн хөвгүүн төрснийг Элбэг хэмээж. Элбэгийн хөвгүүн Төгөө нь Танзан, Дамдинг төрүүлсэн. Олонд “Цагаан дээлт” Дамдингийн аав Төгөө нь Сэцэнхан аймгийн Ест бэйсийн хошууны хүн байсан. Одоогийнхоор бол Сүхбаатар аймгийнСүхбаатар сум гэсэн үг. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Түүхэнд бичигдснээр Хандыг Ханджав гэж нэрлэдэг байсан юм билээ.
Манжийн дарангуйллын үед “Цагаан дээлт” Дамдин Богдын хүрээ рүү нүүж орж ирсэн түүхтэй. Тэгээд Хандтай гэр бүл болсон байдаг.
-Манжийн дарангуйллын үед амьдарч байсан болохоор хятадтай нэр холбосон юм болов уу. Сүхбаатар аймгийн нэрийг албан ёсоор хэзээ өгсөн юм бэ?
-Манжийн дарлалд 200 гаруй жил байсан гэдэг. Манайд чинь хоёр том амбан байсан. Улиастай, Ховдын амбан гээд. Тэр үед л Сүхбаатар консулын дэнжид амьдарч байсан юм билээ. Сүхбаатар аймаг Хятадтай хамгийн ойр хиллэдэг. 1943 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Газар нутгийнхаа хувьд Монголын нутаг дэвсгэр юм. Сүхбаатар аймгийн нутаг Чингисийн удмын хүмүүс амьдарч байсан түүхтэй. Сүх жанжныг Өвөрмонгол, өвөрлөгч, хятадаас гарсан гээд янз бүрээр яриад байгаа нь түүх гуйвуулсан хэрэг. Сүхбаатарын түүхийг хүн бүхэн мэддэг. Жанжны эхнэр Н.Янжмаа хүртэл хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцон зүтгэдэг байсан. Сүхбаатар нь МАН-ыг байгуулагч. Янжмаа Сүхбаатарын үйл хэрэгт тусалдаг байсан юм.
-Жанжны тухай кино нэлээд бий. Кинон дээр гардаг дүр бодит Сүхбаатартай хэр ойр байсан бол?
-Кино бүтээхдээ түүхийн баримтыг үндэслэн хийсэн. Архиваас авсан баримтад Сүхбаатарын бага нас, ажил үйлс гээд бүгдийг дүрслэн үзүүлсэн байдаг. Тухайлбал, Сүхийг багад нь консулын дэнж дээр амьдардаг. Уулнаас мод бэлддэг, орос хэл сурч оросуудаас хар талх авч иддэг байсан гээд түүхэн баримтууд бий. Ардын журамт цэргийн анхны жанжин тэр хүрээнд лугшин байсан хятадын гамин цэргийг хөөсөн түүхтэй. Тухайн үед хийсэн үйлсийг нь үнэлж бүх цэргийн жанжнаар томилж байсан.
-Түүхэндээ Сүхбаатарын гэр бүлийнхэн цэргийн талын хүмүүс байсан юм билээ. Жанжны ганц хүү бас армид олон жил ажилласан гэдэг?
-Ганц хүү Галсан нь гурван дайнд оролдож байсан хүн. Түүхээс харвал Сүхбаатарын удам угсаатнууд бүгд цэргийн хүмүүс байсан. Бүгд хувьсгалын төлөө цогтой тэмцэгчид байсан. Батлан хамгаалах яаманд насаараа ажилласан. Би хүртэл цэргийн хүн. Манай хоёр хүүхэд бас цэргийн хүмүүс байдаг.
-Түүхийг гуйвуулах нь их том гэмт хэрэг гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Түүхийг өөрчилнө гэдэг утгагүй хэрэг. Хэний ятгалгаар яагаад Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярихаар нь ардчиллыг үгүйсгэдэг арчаагүй амьтад гэж ойлгодог. Миний хувьд ардчиллыг үнэлдэг.
-Жанжны талаар буруу ташаа мэдээлэл гарснаас үүдэлтэй Сүхбаатар аймгийн зарим иргэн нутгийнхаа нэрийг өөрчлөх тухай яриа гаргасан байсан?
-Сүхбаатар аймаг газар нутгийн тогтоц гарал үүслээрээ зах зэлүүд нутаг байсан. Тэр хэсэгт эзэн хааны сүрэг хариулагч гээд Дарьганга үндэстэн байсан. Одоо ч эзгүй газар зөндөө бий. Байгалийн тогтоцын хувьд үзүүр захын нутаг юм. Аймгийг байгуулахдаа Дарьгангын зургаан сум, Дорнодоос дөрвөн сум, Ханхэнтийгээс таван сумыг хамруулсан байдаг. Сүхбаатарын гэргийн Янжмаа Сүхбаатар суманд очиж гэр барьснаар албан ёсоор Сүхбаатар аймаг гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Манай нутгийг Орос, Хятад авна гээд асуудал их байсан юм билээ.
-1950 оны үед Сүхбаатарын бунханг байрлуулахдаа өөр хүний яс тавьсан гэх яриа тархаж байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Тэр худлаа. Сүхбаатарын шарилыг дөрвөн удаа хөдөлгөсөн байдаг. Нас барахад нь Хужирбуланд оршуулсан гэдэг. Сүүлд нь булшийг зөөвөрлөж Алтан-Өлгийд авчирсан. Тэнд чинь хятадын оршуулга ихтэй газар. Нарийн яривал хятад хүн оршуулаагүй газар гэж байхгүй. Намайг цэргийн ангид ажиллаж байхад хятад хүний оршуулгагүй газар гэж байдаггүй л байсан. Алтан-Өлгийд бунхан бариулах явцыг мэднэ. Манай эмээгийн шарил ч Алтан-Өлгийд байдаг.
-Галсанг Сүхбаатарын хүүхэд биш гэж ярьдаг?
-Энэ бол түүхийг гуйвуулсан хэрэг л дээ. Ингэж ярьдаг нь худлаа.
-Сүхбаатарын нэр хүндийг гутааж байгаа нь аль нэг намын явуулга байж болох уу?
-Магадгүй л юм. Түүхэн дээрх үнэн бодит зүйлийг гуйвуулах нь хууль бус зүйл. Зарим хүмүүсийн ярьж буйгаар хуучин Хувьсгалт намын дээд сургуульд сурч байсан хүмүүс үүнд холбоотой байж магадгүй гэсэн. Энэ худал хуурмаг мэдээллийг ганц би үгүйсгээд байгаа юм биш. Бүхэл бүтэн Сүхбаатар аймаг, Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Хэсэг бүлэг хүмүүс түүхэнд бичигдсэн өөн дээр үндэслэн гуйвуулсан байх үндэслэлтэй.
-Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох, хөшөө дурсгалыг нь буулгах гээд энэ хүний үйл хэргийг бүдэгрүүлэх гэсэн оролдлогуудыг хийсэн. Үүнд та эмзэглэсэн үү?
–Их муухай санагдсан. Тухайн үед ардчиллын анхны алтан хараацай гэж өөрийгөө нэрлэдэг Сосорбарам их хачин хачин үг хэлж мэдэгдэл хийсэн. Түүх бол түүхээрээ л үлдэх ёстой. Түүхийг хэн нэгэн хүний намчирхасан үзлээр гуйвуулах, бүдэгрүүлэх нь утгагүй. Түүхээ бичиж үлдээсэн бүхнийг шатаадаггүй л юм бол түүх түүхээрээ л үлдэнэ.
М.Тунгаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.