УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар ажилласан байна.
Байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Ажлын хэсгээс хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг тодорхой болгох, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн нөөц, эх үүсвэр ил, тод, нээлттэй байх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн талаар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын талаар ажлын хэсгээс гаргасан саналын талаар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан иргэн, албан тушаалтанд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай олон талаараа давхцал үүсгэж байгаа тул хуулийн төслийг дэмжихгүй байгаа бөгөөд хууль санаачлагчийг төслөө татан авах нь зүйтэй талаар санал хэлсэн байна.
Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, мэдээлэл авав. Хүний эрхийг хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэдгийг илэрхийлсэн олон жишээ бий гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлж байв. Төсөлд хэрэгжилтийг хангах механизмийг тусгаж чадсан эсэхийг лавласан. Олон улсын жишгээр хуулиуддаа хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг тусгадаг байна. Хүний эрхийн хороо нь Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа гэв. Төслийг шууд хүний эрхийг хамгаалах гэж ойлгох нь өрөөсгөл, хүний эрхийг хамгааладаг хүмүүсийг хамгаалах эрх зүйн зохицуулалт гэдгийг онцлон анхаарахыг Ж.Сүхбаатар гишүүн хүслээ. Төр, иргэний нийгмийн түншлэлээр хүний эрхийг хамгаалагчдыг тусгайлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан. Хүний эрхийг хамгаалж яваад тодорхой эрсдэлд орсон иргэнийг хамгаалахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын 32 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлгийн гарчгийг “Хамгаалагчийн эрх,” гэсний дараа “санхүүжилт,” гэж нэмэхийг, зургаадугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын “үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх,” гэснийг, 6.1.10 дахь заалтын “төрийн үйл хэрэгт оролцох,”, “шүүмжлэх,”, “зөвлөмж хүргүүлэх,” гэснийг, 6.1.13 дахь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэснийг, мөн зүйлийн 6.1.4, 6.1.6, 6.1.14, 6.1.15, 6.1.16, 6.1.18 дахь заалтыг хасахыг чуулганы нэгдэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төсөлд “Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод нээлттэй байдал” гэсэн 7 дугаар зүйл, “Хүний эрх хамгаалагчийн хорооны нэгж” гэсэн 12 дугаар зүйл нэмэхийг мөн дэмжсэн.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.