“Гартаан очирт” буюу Очирваань хэмээх том хэмжээний зээгт наамлыг Их хүрээний нэрт зураач Жүгдэр, Цэнд нарын хар зургаар, Их хүрээний Сангай аймгийн үйлчингүүд, шар нохой буюу 1898 онд бурхан бүтээх тиг номын дагуу урлан бүтээжээ.
Очирваань бурханыг хэрхэн бүтээж байсан талаар Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн “Их Хүрээний нэрт урчууд” номонд: Их хүрээний цамын өдөр “Очирваань” гэдэг их хэмжээний зээгт наамлын бүтээлийг хэрхэн бүтээж байсан тухай “Сэлбэ голын ногоон зүлгэн дээр олон цагаан эсгий дэлгэж, урт модны үзүүрт хөө нүүрс боож ороосныг гартаа бариад дээгүүр нь явж хар зураг татаж байсан” хэмээн бичсэн байдаг.
Зураач Цэнд бол Их хүрээний урлалд үйл амьдралаа зориулж байсан уран бүтээлчдийн нэг бөгөөд хуучин Түшээт хан аймгийн “ Суурь дайчин” бээсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат байжээ. Зураач Цэндийг гэр бүлтэй лам байсан, тэр бурханы хөрөг дүрийг “Түүхий утсаар” хатгаж сайхан оёж урладаг эхнэртэй байсныг “ийм уран хүмүүс нэг гэрт эр, эм болж учрах байдгаа ” гэж шагшин магтаж байжээ.
Зураач Жүгдэр нь Цэцэн ханы “Гонгор Дайчин” гүний хошуу одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт төржээ. Тэрээр Их хүрээний үйл хэрэг, тэр дундаа уран бүтээлийн ажилд амьдралаа зориулсан Богд Жавзандамбын шилдэг зураачдын нэг байв.
Урлагийн гавъяат зүтгэлтэн Д. Дамдинсүрэнгийн 1966 онд “Хүрээ цам” хэмээх гуашаар зурсан монгол зурагт энэхүү Гартаан очирт зээгт наамлыг хэрхэн, хаана, ямар зориулалтаар дэлгэн хэрэглэдэг байсан тухай харуулсан байдаг билээ. Энэ бүтээл одоо Д.У.М-н цамын танхимд бий. XIX-ХX зууны Богдын хүрээ-Их хүрээний Богдын шар ордон, Дэчин галвын дацаны өмнөх талбайд, цам харайх үед уг зээгт наамлыг дэлгэн тавьдаг байжээ. Дэчин галвын дацан руу харуулан тусгай шон босгож, бүдүүн татлагаар зээгт наамлыг уяж тогтоодог байсан бололтой. Дүрслэх урлаг сэтгүүлийн 1976 оны №1-д энэ зээгт наамлын тухай зохиогчийн анхны мэдээ байдаг.
Гадаа ил талбайд дэлгэсэн, сонирхогчид тойрон зогссон хар цагаан гэрэл зураг бүхий энэ мэдээ уг бүтээлийн хэмжээ, зохиомжийн талаар ойлголт өгөх ач холбогдолтой. Очирваань бурхан нь Монголын урлагийн түүхэнд бүтээсэн цөөхөн зээгт наамлын бүтээлүүдийн нэг бөгөөд торгон дээр торгоор зээглэснээрээ хосгүй үнэт бүтээл болсон юм. Очирваань бурханыг Монгол орныг даасан бурхан хэмээдэг. Автай сайн хан Төвдэд очиж Далай ламтай уулзахад “Хаан чи олон бурхадын дотроос өөрийн таалсан бурханаа залтугай” хэмээсэнд Автай сайн хан олон бурханыг үзэн явсаар нэгэн бурханы бүтээлгийг сөхөн үзвээс Очирваань бурхан байсанд ихэд бэлгэшээж “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн Монгол нутагт залсан түүхтэй.
Гартаан очирт зээгт наамлын төв хэсэгт томоор гол дүр Очирваань, түүний чанх дээр өндөр гэгээн Занабазар, зүүн дээд буланд Аюуш, баруун дээд буланд ногоон өнгийн бодьсадва буюу Нацагдорж, баруун доод буланд Намсрай нярав \Бисман тэнгэр буюу Базарваань\ доод голд Эрлэг номун хаан \Дамдин Чойжоо буюу Ямаража\, зүүн доод буланд Бисман тэнгэрийн дагуулийг тус тус дүрсэлжээ. Эрлэг номун хааны хоёр хажууд төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил байрлуулсан зохиомжтой. Гартаан очиртыг баруун мутартаа тавин хорыг дарагч таван билиг төгссөн, таван салаа очир барьж, тэргүүн дээрээ өргөсөн, зүүн мутартаа цалам барьж зүрхэн тушаа номын зангаа мутарлага үйлдсэн, хар хөх өнгөтэй намхан бүдүүн биетэй, арзайсан хурц дөрвөн соёо шүдтэй, догшин ширүүнээр гялалзсан гурван мэлмийтэй, улбар шар сахал үс, хөмсөг тэргүүтэн нь сүртэйеэ дээш сөрвийсөн, зүүн тахимаа нугалсан баруун хөлөө гадагш жийн зогссон байдлаар дүрсэлжээ. Тэрээр муу муухай бүгдийг дардаг, хэрцгий догшины эсрэг тэмцдэг тул харахад айдас төрөм догшин дүр төрхтэй. Ээмэг, бугуйвч, шагайвч эрдэнийн эрхи, титэм зэрэг язгуур таван чимгийг зүүж, барын арьсан шамтав \өмд\ өмссөн байна. Зээгт наамлыг Гартаан очирт Очирваанийн туслах дүрүүд, тахил, төрийн долоон эрдэнэ зэрэг туслах дүр дүрслэлүүдийг бүдүүн гурамсан зээг, улаан хөвөө бүхий хар дэвсгэр дээр бурханаас цацрах гэрлийн цацрагийг алтан саан утсаар самнаас гарган, ар дэвсгэрийн гадуур солонгын таван өнгөөр эмжин, цагаан үүлний тэртэйгээс цэнхэр үүл цухуйлган бүдүүн, нарийн хар туузаар хүрээ зураас тавин урлажээ. Бусад дүрслэлүүдийг нарийн зурвас торгоор хажлага тавьж зээглэснээрээ онцлогтой.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.