“Хуримын даашинзтай бүсгүй” өнөөдөр нээлтээ хийнэ

2017-05-30 Мэдээ, мэдээлэл

Найруулагч З.Батболдын шинэ уран бүтээл болох “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны киноны нээлт өнөөдөр буюу энэ сарын 30-нд 19.00 цагт “Тэнгис” кино театрын гадаах талбайд болно.

Тус киноны гол дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар бүтээсэн бол продесероор Б.Тайшир, Ү.Баяржаргал нар ажилласан байна.

Найруулагч З.Батболд өмнө нь “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг, аз жаргал” зэрэг киног найруулсан билээ. “Хуримын даашинзтай бүсгүй” нь Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтын бүтээл юм. Киноны нээлтэд хүрэлцэн ирж, гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулаарай.

Тус киноны үйл явдлыг тоймлон хүргэвэл амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 гаруй насны 3 найзын үерхэл нөхөрлөлөөр эхэлнэ. Тэдний нэгийг Гүнээ гэнэ. Тэрбээр их сургуульд суралцаж хараахан амжаагүй таксины жолооч хийж, хэрэгцээний мөнгөө олдог нэгэн. Залуу хүмүүс наргиж, цэнгэж бие биенээрээ тоглоом тохуу хийн, хөгжилдөж яваад санамсаргүй байдлаар хуримын тансаг даашинзтай хэдий ч нүдэндээ нулимстай Цэнгэл хэмээх охинтой танилцана. Баян тансаг амьдралаас өөр зүйл мэдэхгүй шахам түүний байдал Гүнээгийн дургүйг эхэндээ хүргэх боловч, яваандаа тэр хоёр бие биедээ чин сэтгэлээсээ дурлана. Чухамхүү яагаад тансаг гоёлын даашинзтай бүсгүй харанхуй гудамжинд ганцаараа алхаж явсан юм бол, тэр үнэхээр дээдсийн хүрээлэнгийн амьдралаас өөр зүйл мэдэхгүй гэж үү, түүний цаана ямар гээчийн нууц байгаа юм бол? Энгийн нэг амьдралтай Гүнээ хайр сэтгэлийнхээ төлөө дээдсийн хүрээлэнгийнхэнтэй тэмцэлдэх болов уу, эсвэл хөрөнгө мөнгө, эрх мэдлийн өмнө тэдний хайр сэтгэл өвдөг сөхрөх болов уу. Энэ бүгдийн хариултыг тус уран сайхны кинонд харуулах юм.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.