Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх айлчлалын тов тодорхойгүй байна

2021-02-22 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын холбооны улсад айлчлал хийх асуудал яригдаж эхлэв. Уг айлчлал нь Гадаад харилцааны яамны айлчлалын төлөвлөгөөнд орсон айлчлал аж. Одоогоор талууд айлчлалын бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд тов тогтоогүй байгаа юм байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны есдүгээр сарын 21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийсэн.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэн, түүхэн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргасан байна. Үүний зэрэгцээ 2021 онд хоёр талаас өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх талаар ярилцаж, тодорхой ойлголцолд хүрсэн талаар албан ёсоор мэдээлж байв.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал өнгөрсөн оноос яригдаж эхэлжээ. Харин айлчлалын дүнд манай улсын нутгаар дайрах хийн хоолойн төслийн ажлыг эрчимжүүлэх, тус улсын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэх зэрэг анхаарал татсан асуудлыг хэлэлцэнэ гэсэн таамаглал яригдаж байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.