Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ (2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР)
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байгаа бол Дэлгэрмөрөн голын хувьд 10 см орчим их байна. Харин Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд 50 см зузаан мөстэй байгаа бол Ханх орчимд 30 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-35 см нэмэгдэж, 50-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-55 см ахиу харин Ус судлалын Суман-Тариат, Идэр-Их-Уул харуул орчимд 5-15 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 75 см зузаантай болсон байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 30-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн байгаа бол Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул голын адгаар 10-30 см ахиу байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-35 см-ээр нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрөн. 1 дүгээр сарын 1-ний өдрийн мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн харин Улз голын дагууд 10-20 см зузаан байна. Харин Буйр болон Хөх нуурын мөсний зузаан 10-15 см нэмэгдэж, 55-70 см зузаантай болжээ.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгдэж, 30-80 см зузаан мөстэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-15 см ахиу харин Буянт, Харбут, Булган голын хувьд 5-25 см бага байна. Хар ус нуур Дөргөн сум орчимд 65 см зузаан мөстэй болсон нь өнгөрсөн хугацаанаас 5 см нэмэгджээ.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 40-105 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-25 см нэмэгдсэн байна. Хангайн нурууны өврөөс усжих голуудын мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн Хүнгүй, Завхан, Түй, Шар ус зэрэг голууд 10-25 см ахиу зузаантай байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 15-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см зузаан, Хархираа, Чигж голын хувьд 10-15 см нимгэн байна. Увс, Хяргас нуур 20-25 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.