Хавдар Судлалын Үндэсний Төвийн яаралтай тусламжийн 2 эмч Covid-19-ийн халдварт өртсөн нь бид бүхнийг улам их сонор сэрэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай ажиллахыг сануулж байна. Тус төв нь халдварын тандалт хийх зорилгоор өөрийн бүх ажилтандаа Covid-19 -ийн PCR шинжилгээг хийсний үр дүнд цаашид бусад эмч, эмнэлгийн мэргэжилтэнд халдвар тархах эрсдлээс сэргийлж, ойрын хавьтлуудыг тусгаарлалаа. Цар тахал нь дархлаа суларсан хавдартай хүмүүсийг хамарсан тохиолдолд ноцтой үр дагавартай учир УОК, ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэнүүдийн удирдлага дор ариутгал халдваргүйжүүлэлт, тандалт хяналтыг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна. Хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж, харин амбулаторийн тусламж үйлчилгээг түр зогсоогоод байгаа ч хавдрын тусламж үйлчилгээг хэвийн явуулах ЭМЯ-ны албан бичгийн дагуу бүхий л аймаг дүүрэг, төвийн эмнэлгүүдэд ачааллыг хуваарилан ажиллаж байна.
Гэвч цар тахлын хүндхэн цаг үеийг даван туулж, хүн ардын эрүүл энхийн төлөөх үүрэгт ажилдаа үнэнчээр зүтгэж яваа хамт олныг өш хонзонгийн сэдлээр элдэв янзаар гүтгэж гүжирдэх увайгүй санаархал удаа дараа гарч буйг эрс буруушаан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Цар тахалд хамгийн эмзэг хэсэг болсон хорт хавдартай өвчтөнүүдийнхээ төдийгүй эмнэлгийн нийт ажилтаны амь насыг авран хамгаалах давхар сорилт тулгарч байгаа энэ үед манай эмнэлэг, хамт олны нэр төр, ажил үйлсийг гутаан харлуулах, гүтгэж доромжлох хар буруу санаархал гарч байгаад нэн их харамсаж байгаагаа илэрхийлье.
“Өнөөдөр” сонин, “Өнөөдөр.mn”, “Ergelt.mn”, “Eguur.mn” зэрэг сайтуудад нийтлэгдсэн нэг талыг баримталсан, нэг хүний гүтгэлэг, худал хуурмаг мэдээлэл бүхий нийтлэлийн эх сурвалж болох Б.Болормаа гэгч нь өөрөө эмчийн ёс зүйг удаа дараа зөрчиж, эрдэнэт хүний амь настай холбогдох ноцтой алдаа зөрчлийг дараалан гаргасны учир ажлаас халагдсан хүн юм.
Өөрөөр хэлбэл, манай хамт олны нэрийг барьж гүтгэж яваа энэ хүн тус эмнэлэгт өнөөдөр ажилладаггүй. Хувь хүний тааламжгүй харилцаа, зан авир, ёс зүйгүй байдал нь хамт олны уур амьсгалд таагүй байдал үүсгэж, эмчилгээ үйлчилгээ доголдоход хүргэж байсан тул Б.Болормаатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ ч хагалгаа, мэдээгүйжүүлгийн тасгийн бүх эмч, 17 сувилагч албан ёсоор илэрхийлсэн байдаг.
Тэрбээр мэс заслыг орхин явсан, улмаар өвчтөн нас барсан, нойрсуулалтанд байгаа өвчтөнийг унагасан зэрэг ноцтой алдаа дутагдлаа засахын оронд бусдаас бурууг хайж ирсэн. Дүрэм журмын дагуу үнэнийг мэдээлсэн сувилагчийг бохирын өрөөнд дуудан загнаж дарамтлах зэрэг хэвийн бус үйлдлүүд нь даамжирсаар ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүйд хүргэсэн билээ. Өшөө хорслын сэдлээр гүтгэлэг тараахдаа бусдыг хууран мэхэлж, эмнэлгийн захиргаанаас Үйлдвэрчний эвлэлийн салбар хороотой байгуулсан гэрээг дүгнэж цаашдын ажлаа төлөвлөх зорилготой саналын хуудсыг урвуулан ашиглаж, өөрийнх нь бичсэн гүтгэлгийг хамт олон дэмжсэн мэт харагдуулах зэрэг ёс бус үйлдлээ өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна.
Цаашид Б.Болормаагийн гаргаж буй гүтгэлэг нь бидний бахархал болсон Хавдар судлалын үндэсний төв, энд ажиллаж байгаа нийт хамт олны нэр төрийг давхар гутааж байгаад ХСҮТ-ийн захиргаа харамсаж байна. Сүүлийн үед тус төвийн үйл ажиллагаа, хамт олны нэр төрийг гутаах гэсэн үйлдлүүд сошиал орчноос халин олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг тараагдаж байгаа нь Б.Болормаа нь санхүүгийн өргөн дэмжлэгтэйг илтгэж байна.
Б.Болормаа та ХСҮТ-ийн хамт олны нэрийг барьж, ХСҮТ-ийн хамт олны нэрийг бүү гутаа. ҮНЭНИЙГ ХУДЛААР ТОГТООДОГГҮЙ.
Үнэн шударга ёсыг өөрсдөөсөө нэг удаа ч болов хайж үзэхийг Танд болон Таныг турхирч буй хүмүүст уриалж байна.
Бид хууль ёсны эрх ашгаа хамгаалж, албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.
60 жилийн түүхтэй Хавдар судлалын үндэсний төвийн хамт олны ажил үйлсийг харлуулах, цар тахлын хүнд хэцүү үеийг далимдуулан гутаан гүжирдэвч манай хамт олон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эв нэгдлээ сахин, энхийн манаанд үнэнч тууштай хичээн зүтгэсээр байх болно.
Эвийн хүчээр бэрхийг туулна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Хавдар Судлалын Үндэсний Төвийн Захиргаа
50 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.