Өнөөдөр Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна

2020-11-16 Мэдээ мэдээлэл

Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өдөр өнөөдөр (2020.11.16) тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан билээ. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн гэж албан ёсоор тогтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас оллон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ цуцлагдсан билээ.

Энэ өдөр төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл 11 хүн, нэг хамтлагийг бүрэлдэхүүнээр нь шагнаад байна.

П.Очирбат /2005 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Б.Шарав  /2006 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуутивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичсэн байна.

Д.Бямбасүрэн   /2009 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Р.Гончигдорж   /2010 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Н.Баганбанди  /2011 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан байна.

Д.Дэмбэрэл  /2012 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигааар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Тэрээр 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй зургаан удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

Д.Содном  /2013 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Д.Содном нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албах тушаал хашиж байсан.

Х.Намсрай   /2014 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Академич Х.Намсрай физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа. Тэрээр физикийн салбарт “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол”-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.

Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна.

Г.Мэнд-ооёо  /2015 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2225 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол, бясалгал нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.

Г.Ариунбаатар  /2016 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсний 885 жилийн ой, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан залуу насны эрч хүч, ид хав, эх оронч сэтгэлээ дайчлан улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал хүртжээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж Пуччини “Тоска” дуурийн гоп дүрд амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.

Н.Түвшинбаяр  /2017 он/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээсэн. Тэрээр Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан цолтой хүн юм.

“The Hu” /2019/

Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар “Тhe Hu”  хамтлагт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг хүртээсэн. “Тhe Hu”  Монголын язгуур хөгжмийг рок хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй.  Тус хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ “Хүннү рок” гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрчээ. The Hu хамтлагийн “Yuve Yuve”, “Wolf totem” хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм.

 

 

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.