Тав хоногт банкны үйлчилгээ цахимаар явагдана

2020-11-12 Банк, санхүү

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.

Арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй болсныг уламжилж байна. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа болно.

Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа тул мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой. Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн арилжааны банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа болно.

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Банкны цахим үйлчилгээний талаарх мэдээллийг банк тус бүрийн харилцах үйлчилгээний лавлах утаснаас авах боломжтой. Харин банкны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Монголбанкны 310081 дугаарын утсанд хүлээн авна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.