УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав.
Өнгөрөгч долоо хоногт тус байнгын хороонд нэр дэвшигчдийг танилцуулсан боловч гишүүд ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн нэг хүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлэн уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлсэн. Харин тус байнгын хорооноос нэр дэвшигч Ц.Цогтыг 100 хувийн саналаар дэмжихээ илэрхийлсэн бол С.Батхүлэгийг шүүгчээр томилогдох шаардлага хангаагүй гэдэг шүүмжлэл хэлэв.
Харин өнөөдрийн хуралдаанд ШЕЗ-өөс дээрх хоёр хүнийг танилцуулахаар дахин оруулж ирэв. Гэтэл байнгын хорооны зарим гишүүн С.Батхүлэгийг дахин оруулж ирснийг эсэргүүцэн хуралдааныг хаяж гарсан юм. Гишүүд түүнийг хууль, улс төр, ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзэж байгаагаа хэлж байв.
Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Энэ дагуу холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулдаг. Гэвч Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх нэр дэвшигч С.Батхүлэгтэй танилцахыг хүссэнгүй.
Ингэснээр УДШ-ийн шүүгчийг томилох асуудал гацаанд оров. ШЕЗ-өөс хоёр нэр дэвшигч оруулж ирсэн ч байнгын хороо нэгийг нь дэмжин, нөгөөгийн танилцуулгыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс ШЕЗ дахин өөр нэр дэвшигч оруулж ирэх үү эсвэл байнгын хороонд танилцуулсан нэг нэр дэвшигчээ УИХ-руу оруулах уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Дээд шүүхийн сонгон шалгаруулалтад хэдэн хүн орсон бэ. Хэн хэн орсон юм. Түүн дотор шүүгчээр ажиллаж байгаа хэдэн хүн байсан бэ. Ямар оноотойгоор энэ хоёр хүний оруулж ирж байгаа юм бэ. Илт хууль зөрчсөн гэж яриад байхад дахиад яагаад оруулж ирээд байгаа юм бэ. Шүүхтэй холбоотой асуудал дээр УИХ хориг тавих боломж нь хэлэлцэхгүй хойшлуулж орхих. Өмнөх парламентын үед хоёр хүнийг бас хэлэлцэхгүй байсаар байгаад хойшлуулж байсан. Яалтчгүй хууль зөрчсөн юмыг яагаад дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: ШЕЗ-ийн даргын тушаалаар Улсын дээд шүүхийн шүүгчийн сул хоёр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад зургаан хуульч, гурван өмгөөлөгч нийт есөн хуульч нэр дэвшиж бүртгүүлсэн. Эдгээр хүмүүсээс шалгалт авсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: ШЕЗ хууль зөрчөөд хуулийн шаардлага хангаагүй хүнийг танилцуулах гээд оруулж ирж байна. Танилцана гэдэг байнгын хороо өөрөө хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс хойшлуулах биш танилцахаас татгалзах санал хураах саналтай байна.
УИХ-ын гишүүн А.Адьшаа: УИХ-ын байнгын хороо мөрдөн шалгадаг, хүнийг янз бүрийн байдлаар эвгүй байдалд оруулж байна. Дэгээ барья. ШЕЗ-ийн гаргаж өгсөн юманд итгэхгүй бол хэнд итгэх юм. Ингээд олонхоороо асуудлыг шийдэх юм уу. Шударга шүүхийг байгуулна гэж та нар сонгогдож гарч ирсэн. Гэтэл ШЕЗ нь эрхийнхээ дагуу хүнээ оруулж ирэхээр хүнд таалагдахгүй, намд таалагдахгүй байна гэдэг байдлаар хандаж болдог юм уу. Би энэ асуудлыг хэлэлцэж, танилцмаар байна. Та нар өөрсдөө шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна шүү дээ. Үнэхээр хууль бус юм оруулж ирсэн юм бол энэ хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж арга хэмжээ ав. Та нарт таалагдахгүй бол хэлэлцэхгүй, таалагдвал хэлэлцдэг УИХ-ын жишгийг тогтоож байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хууль зөрчсөн асуудлыг ШЕЗ оруулж ирж байгаа нь ямар байгааг харуулж байна. Ийм ерөнхий зөвлөлтэй байгаа учраас шүүхийн ажил олигтой явахгүй байгаа. Ундарга нь булингартай байна. Шүүхийн хуулиа батлахдаа ШЕЗ-тэй хариуцлага тооцдог горимоо нарийсгая. Үндсэн хууль зөрчсөн асуудалд би оролцохгүй. Танилцахгүй, сонсохгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр миний хөгшин одоо боль оо гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүн удаа дараа оруулж ирж, УИХ-аар дамжуулж ард түмнийг доромжилж байна. Бидэнд тарааж өгсөн материал дээр энэ хүний НДШ-ийн дэвтрийн хуулбар байна. Таван жил нь өмгөөллийн товчооноос НДШ төлсөн байна. 2006 оны дөрөвдүгээр сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл “Голомт” банкнаас НДШ-ийг нь төлсөн байна. Өөрөөр хэлбэл, “Голомт” банкны ажилтан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуулийн шаардлага огт хангахгүй байгаа хүнийг нэрээ та гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд суучих юм. Энэ бол ялгаварлан гадуурхсан асуудал биш. Чи өөрөө шүүгч нараас ич л дээ. Би иргэний хувьд чамаас айж байна. Чи бие даасан суурьтай хүн биш байна. Үүнийг хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын босго өндөр байх ёстой
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.