Я.Содбаатар: Цар тахлаас хүндрэлийг даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ

2020-10-16 Засгийн газар

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19” цар тахлын хоёрдугаар давалгаа гарч, хурдацтай тархаж байгааг анхааруулж байгаа. Тиймээс Засгийн газар халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Энэ сарын 8-ны байдлаар “COVID-19” цар тахлаар дэлхийн 216 улс орны 35 сая 659 мянган хүн халдварлаж, 1 сая 44 мянга 269 хүн нас баржээ. Харин 27 сая 393 мянга 753 хүн эдгэрсэн байна. Үүний улмаас дэлхийн 53 улс дотоодын хөдөлгөөнд, 70 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд тус тус хязгаарлалт тогтоож, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох замаар халдвараас урьдчилан сэргийлэх, голомтыг устгах, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байна.

Монгол Улсын хувьд энэ оны нэгдүгээр сарын 8-наас энэ сарын 15-нд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 320 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 311 нь эдгэрсэн бол 9 хүн эмчлүүлж байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Тэрбээр, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 15, Улсын онцгой комиссын хурлаар 28, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 1, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар 1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 3 удаа хэлэлцэж, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “COVID-19”-өөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын баг байгуулсан. Цаашид “COVID-19”-ийг эмчлэх монголын эмч, сувилагчдын туршлагыг ДЭМБ-ын Номхон далайн бүс орнуудын газраас зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх вебинар буюу цахим сургалт, семинарын цуврал хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Цар тахлын улмаас хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласны дараа Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 15 хүртэл дэлхийн 81 улс орноос 81 удаагийн тусгай үүргийн нислэгээр 18021, Алтанбулаг, Замын-Үүд авто замын боомтоор газраар 6545 иргэнийг тус тус татан авчээ. Цар тахал гарснаас хойш энэ сарын 1 хүртэл 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөг, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг УОК-т хандивласан. Хандивын зарцуулалтыг нийтэд нээлттэй мэдээлж байгаа аж.

Энэ оны 3-7 дугаар сард өдөрт дунджаар 350 нүүр ачсан машин хилээр гарч байсан бол Ногоон гарц түр журам хэрэгжүүлснээр өдөрт дунджаар 1500 гаруй нүүрс ачсан машин гарч, нүүрсний экспорт тогтмол нэмэгдэж байгаа аж. Нөгөө талаар Засгийн газраас иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалж хамгаалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбаруудыг ирэх жилийн төсвийн бодлогын хүрээнд боловсруулж байна. Тухайлбал, Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл нийт дүнгээр нь 3-5 хувиар бууруулан, нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр буюу сар бүр 100 мянган төгрөгөөр тооцож олгох, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 288 мянган төгрөгөөр олгоно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцолсон юм.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат дэлхий нийтэд “COVID-19”-ийн вакцин бүтээх ажил өрнөж байгаа бөгөөд Монгол Улс худалдан авах болж байгаа эсэхийг тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Вакцины асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Эхний удаа дараа биш юмаа гэхэд олон жилийн дараа хүний биед сөрөг нөлөө илэрч мэднэ. Тиймээс няхуур хандаж, вакцин туршиж буй үйлдвэр, улс орнуудтай ГХЯ-тай хамтран байнгын харилцаа, холбоотой байгаа” хэмээв.

Чуулганаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.