Үр минь, үндэс минь. Аав, ижийнхээ амьдрах шалтгаан, амьсгалах агаар, харах мэлмий, хайрлах ухаан билээ. Тэд минь үгүй бол гэрэлт наран илчгүй мэт. Гэвч монголчууд бид бяцхан үрсээ хэрхэн, яаж өсгөн хүмүүжүүлж байна вэ? Яагаад Монгол Улсад хүүхдийн хүчирхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэх болов? Бас бидний хойч үе амьдралд бэлэн үү? Таны хүүхэд яг одоо хаана байна вэ? Ялангуяа, тэр яг одоо аюулгүй орчинд, бяцхан зүрх нь айдасгүй, торомгор нүд нь тогтуун байгаа болов уу?…гээд эрхэм таниас асуух зүйл олон байна. Учир нь өнөөдөр монголын нийгэм энэ олон асуултын дунд хөл, толгойгоо алдсаар хүүхдэд ээлгүй улс болон хувирчээ. Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 782 хүүхэд хохирч, үүнээс 82 бяцхан зүрх дахин хэзээ ч цохилохгүйгээр оджээ. Мөн Эрүүгийн хуульд заасан 200 орчим гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, прокурорт шилжүүлсэн байна. Харин Зөрчлийн хуулиар 3000 гаруй иргэнийг баривчилсан дүн мэдээг холбогдох албаныхан гаргажээ. Энэхүү тоон үзүүлэлт нь хүн ам цөөтэй манай улсын тухайд, өвсөнд тавьсан түймэр шиг аюул нүүрлэж буйг илтгэнэ.
Энд бас нэгэн зүйлийг онцлоход, сүүлийн гурван жилд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг эрс нэмэгдсэн мэдээтэй. Өөрөөр хэлбэл, ахуйн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тогтоогдсон байна. Тэр дундаа хүүхдийн хүчирхийллийг ихэвчлэн хойд эцэг, эх нь үйлдэж буйг үзүүлэлтээс харж болно.
Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд л 5043 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт бий. Үүний 1000 орчим хүүхэд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон нь нэгийг бодогдуулам. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой этгээдүүдийг торгоод, баривчлаад, яллаад ч асуудал бүрэн шийдэгдэхгүй байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлаад, хориход ар гэрийг нь хэн тэжээх вэ гэдэг асуудал яригддаг аж. Тэгэхээр гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа юм. Түүнээс гадна хүүхэд бол эрүүгийн хэргийн онцгой субъект. Хэргийг шалгахын тулд асран хамгаалагч, өмгөөлөгч, байлцуулж тухайн орчныг бүрдүүлж мэдүүлэг авах шаардлагатай байдаг. Үүнээс үүдэн бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд ямар нэгэн байдлаар дарагдаад өнгөрөх нь элбэг байдаг болов уу гэсэн хардлага байгааг нуух юун. Наад зах нь гэхэд залуу хосууд үүргээ ухамсарлахгүй, сэтгэлийн хөөрлөөр ч юм уу гэр бүл болоод салдаг. Дахин гэр бүл зохиоход хүүхэд анхны хохирогч болж байна. Энэ тохиолдолд бага насны хүүхдүүд хаана хандахаа мэддэггүй. Тийм мэдээлэл ч холбогдох газруудад өдрийн од шиг ирдэг гэх. Тиймээс гэмт хэрэг үйлдсэний дараа биш гэр бүл төлөвлөхөд нь зөвлөдөг, нийгмийн соёлд төлөвших шаардлагатай байгаа юм. Хэдийгээр энэ тал дээр цагдаагийн байгууллага мэдээ мэдээлэл хүргэдэг ч үр дүнгээ өгөхгүй байгаа нь бодит үнэн.
Ингээд Сургуулийн өмнөх боловсролын зөвлөх багш Н.Төртогтохын зөвлөгөөг хүргэж байна. Хүүхэд юуны өмнө гэр бүлдээ төлөвшин хүмүүжих ёстой. Та ямар ч завгүй байсан үр хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ хүмүүжүүлж байгаа нь тэр гээд баахан дүрэм журам мөрдүүлэх гэсний ч хэрэггүй. Гол нь та өөрөө доорх зарчмыг баримтлахад л хангалттай.
– Хүүхдэд юуны өмнө хайр хамгийн чухал. Хайрлаж байгаа нь энэ гээд үнсэж үнгээд, амттанаар бялууруулах гэсэн үг биш. Таны үг үйлдэл бүрд чинь хайр, халуун дулаан сэтгэл шингэсэн байх ёстой.
– Хайрлуулж өссөн хүүхэд амьдралд тэвчээртэй зорьсондоо хүрдэг, өөртөө итгэлтэй болж төлөвшдөг.
– Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг ямагт буруутгадаг, шүүмжилдэг нэгэн болж төлөвшдөг. Хожим нь хүнд хэцүү амьдралыг туулах болно. Учир нь тэр бүх юмнаас өө сэв хайж, хүнтэй нийцгүй нэгэн болох магадлалтай. Тиймээс хүүхдээ юун түрүүн шүүмжлэх, буруутгах гэсний хэрэггүй. Бусдыг ч хүүхдийнхээ дэргэд бүү шүүмжил.
– Ичиж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, гологдмол нэгэн болж хувирдаг. Амьдрал түүнд төмөр нүүрээ үзүүлнэ. Тиймээс хүүхдээ хэзээ ч ичээх, шоолох маягаар бүү өсгө. Ингэж тоглох ч хэрэггүй.
– Хүүхдээ юунд ч битгий гол. “Миний хүү /охин/ чадна. Чи хөөрхөн, хамгийн дур булаам” гэдгийг байнга хэлж, мэдрүүлж өсгө.
– Хүүхдээ бусадтай нийтэч нөхөрсөг өсгө.
– Доороо дүүтэй бол дүүдээ анхаарал тавихад нь сургаж зааж өг. Ингэж өссөн хүүхэд аз жаргалтай хүн болж төлөвшинө. Бас амьдралдаа хариуцлагатай нэгэн болж хувирна.
О.Гэрэлтсондор
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.