Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх үүрэг чиглэл өглөө

2020-06-15 Мэдээ, мэдээлэл

Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэн учраас хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь ажиллаж Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх, ногоон байгууламж бий болгож, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүрэг чиглэл өглөө.

Мөн хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5,000-6,000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.

“Драгон холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт.

Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна.

Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.