Хурдаа хасч амь насаа аварья

2017-05-11 Мэдээ, мэдээлэл

Монгол улсад 2016 оны байдлаар 46712 зам тээврийн осол бүртгэгдсэний 41375 буюу 88,6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд бүх төрлийн гэмт хэргийн улмаас 880 хүний амь нас хохирсны 45,3 хувь нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа алдсан судалгаа гарсан байна.
Дээрх осол хэрэгтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас энэ сарын 8-14-ний хооронд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоног” аяныг өрнүүлэх юм. Аяныг “Хурдаа хасч амь насаа аваръя” уриан дор хийхээр болжээ.
Хэвлэлийн хуралд Монгол Улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У нар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Аяны гол зорилго нь замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх аж. Мөн зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс үүдэх ноцтой гэмтэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ “2016 оны зам тээврийн ослын үзүүлэлтээс харахад 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд гарсан байна. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан, хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгаа” гэв.

НҮБ-ын Ерөнхий ассеймблагаас 2010 онд тогтоол гаргаж, манай улсад 2011-2020 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгож зарлажээ. Монгол улсын Засгийн газар 2012 оны 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан, хэрэгжүүлж байгаа аж.

НҮБ-аас хоёр жил тутамд тодорхой уриатайгаар Замын аюулгүй байдлыг хангах өдрүүд болгон зарладаг байна. Энэ үйл ажиллагаанд Монгол улс дөрөв дэх жилдээ нэгдэж буй юм.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.