“ЖДҮ-чид маш олон болтугай” гэх гарчигтайгаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва холбогдох албаны хүмүүстэй цуврал ярилцлага сошиалаар хийх болсон нь сүүлийн үед олны анхаарлыг их татах болсон. Түүнтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар ярилцлаа.
–Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас олгох зээлийг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд олгосон, банк бус санхүүгийн байгууллагадаа хөрөнгө оруулсан гэх мэдээллүүдтэй нэр бүхий гишүүд нэр холбогдох болсон. Таны хувьд мэдээлэлд ойр давуу талаа ашиглах боломжийн хаагуур нь өнгөрчихөв өө?
-Юуны өмнө миний хувьд энэ сангаас өөрийн болон гэр бүл, хамаатан садныхаа нэр дээр ямар нэг хэлбэрээр зээл аваагүй, ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Учир нь улс төрд хөл тавихдаа л өөрийн эрх ашгийг ард түмэн, төр засаг, намын эрх ашгаас дээгүүр тавихгүй гэсэн хатуу зарчмыг баримталж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл гишгэсэн мөрөө цэвэр байлгаж, уул уурхайн лицензийн наймаа, концессын гэрээ, 60 тэрбумын асуудал, газрын наймаа зэргээс холуур явлаа. Үүнээс гадна ЖДҮ-гийн сангаас олгосон зээл зэрэг элдэв асуудалтай нэр холбогдож, бусдын боломжийг булааж, завшсан увайгүй үйлдэл гаргаж байсангүй.
Харин өөрийн санаачилсан “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, УИХ-ын гишүүний хууль, журамд заагдсан эрхийнхээ хэмжээнд боломж бололцооны хэрээр туслах, зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх ажлыг байнга хийж, эргэх холбоотой ажилласан.
Учир нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд “бид импортлогч хэрэглэгчээс-баялаг бүтээгч үйлдвэрлэгч болцгооё” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс ч би өөрийн сошиал хаягаар “ЖИНХЭНЭ ЖДҮ-чид маш олон болтугай” хэмээн тунхаглаж, төрийн бодлого эзнээ олж очдог зөв хандлагыг бэхжүүлэхийн тулд зүтгэж байна.
-Ерөнхий сайд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд улс төрийн хариуцлага тооцоно гэж байсан. Таны хувьд…?
– Шулуухан хэлье. Хуурамч ЖДҮ-чидийг илрүүлж, эхнээсээ хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж иргэд, олон нийт шаардаж, үүнийгээ ч сулруулахгүй байх талаар санал бодлоо маш ихээр илэрхийлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас олгосон зээлтэй нэр холбогдсон гишүүн, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд улс төрийн хариуцлага тооцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн.
-Та “Импортлогч хэрэглэгчээс-баялаг бүтээгч үйлдвэрлэгчид болцгоох шаардлагатай” гэсэн байр суурьтай байж ирлээ. Гэхдээ энэ байр суурийнхаа төлөө өнөөдөр л уриалга гаргаад байна уу эсвэл…?
-Өрх бүр үйлдвэрлэгч байж, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг байх нь “уул уурхайг шүтэх, нийгмийн халамжийг хавтгайруулан бэлэнчлэх сэтгэлгээнээс салах гол хөшүүргийн нэг” гэж боддог.
Би Хүнс хөдөө аж ахуйн сайд, дэд сайд байхдаа ч хөдөө аж ахуйг дэмжих, малчид, тариаланч, ногоочид, иргэн бүрийг үйлдвэрлэгч байлгахад чиглэж, “Намрын ногоон өдрүүд”-үзэсгэлэн худалдааг анх 2006 онд, Атрын 3-дугаар аян зэрэг олон бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх, уг салбарын уналтыг зогсоож, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохын төлөө ажилласан.
Учир нь монголчууд ажил хийвэл ам тосдоно гэдэг. Тиймээс уул уурхайг дагнан шүтэх бус, тарьдаг ургуулдаг, өсч үрждэг баялгийг бүтээж, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолдог улс болох нь Монголын хөгжлийн гарц, тулгуур суурь болох юм.
Энэ парламентад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ ч жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, зээл тусламжийн асуудалд Засгийн газар бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг олон удаа ярьж хэлж ирсэн.
Нөгөөтэйгүүр, заавал албан тушаал, сайд дарга болоод л юм хийх бус өөрт байгаа боломж, нөөцөө ашиглаад гишүүн хүнийхээ хувьд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг олон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай их хүч хөдөлмөр гарган хамтран боловсруулсан. Гэвч Засгийн газрын хөтөлбөр болгон батлуулж чадсангүйдээ харамсаж байна. Нэгэнт бэлэн байгаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг маань нам, эвслүүд өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар шинээр байгуулагдах засгийн газар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулж, ажил хэрэг болгож ажиллаасай гэж хүсэж байна.
Улстөрчид, албан тушаалтан бүр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж их ярьдаг. Гэтэл хөрс нь алга. Ногоочин сайн ургац авахын тулд хөрсөө сайн бэлтгэдэг. Үүнтэй адил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийн тулд нарийн мэргэжлийн барилгачин, мужаан, дархан, оёдолчин, фермерчин, малчин, гахайчин, тахиачин зэрэг нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байж, ирээдүйн жинхэнэ ЖДҮ-чид, ажил олгогчид төрөх ёстой. Мэргэжилтэй сайн ажилчидтай байна гэдэг үйлдвэрлэлийн хөрс нь. Суурийг нь сайн цутгавал байгалийн гамшигт үзэгдлийн шалгуурыг даах байшинтай болно биз дээ. Үүнтэй л ижил.
-Таны ярианаас Монголд жижиг, дунд үйлдвэрлэл өсч, өндийж өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадахгүй байгааг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөрс суурь нимгэн байгаатай холбож байна уу?
-Монгол Улсын эдийн засгийн хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан. Статистикийн мэдээнээс харахад гурван хүн тутмын нэг нь ядуу, Засгийн газрын өр 22 их наяд төгрөг давж, нэг хүнд хөрвүүлж тооцвол 7 сая гаруй төгрөг оногдож байна. Мөн дэлхий дахинд эдийн засгийн хөгжлөөрөө 180 орноос сүүл мушгиж байна шүү дээ. Ийм байхад биднийг туулж ирсэн замналаа, барьж байгаа бодлогоо, хэрэгжүүлж байгаа алхмаа эргэж харах хэрэгтэйг илтгэж байна.
Сүүлийн 10 жилд жижиг, дунд үйлдвэрийн салбарт гэхэд Монгол Улсын Засгийн газраас 977 тэрбум төгрөгийг нийтдээ бараг 8 мянга гаруй иргэн аж ахуйн нэгжид олгосон байдаг. Мөнгөн дүнгээр чамлахааргүй ч, бодит үр дүн маруухан байгаа нь өнөөдөр хэн бүхэнд тодорхой. Энэ бүхэн нь зээл эзэндээ хүрч байна уу гэдэг асуудлыг дагуулсаар ирсэн.
Зөвхөн энэ жил гэхэд л ЖДҮ-г дэмжих санд 50 тэрбум, Хөдөө аж ахуйг дэмжих санд 100 гаруй тэрбум, ямааны ноолуурт л гэхэд 500 тэрбум, газар тариалан, төмс, хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлийг дэмжихэд 150 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 140 гаруй тэрбум, дээр нь улсын төсөв болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа маш олон зуун тэрбумын ажлуудын хөрөнгө мөнгө ийнхүү төлөвлөгдсөн бөгөөд энэ их мөнгийг жинхэнэ эзэнд нь хүргэж чадвал ихээхэн бодит боломж байгаа нь харагдаж байна.
Гэтэл энэ асуудлын нөгөө тал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг авч явах мэргэжилтэй ажилтан нь байна уу. Үе үеийн УИХ, Засгийн газар хөх захтан бэлтгэх асуудалд төрийн бодлого, зохицуулалтгүй орхисон. Гэтэл Герман улсад мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд ихэд анхаарч, мужааны мэргэжил л гэхэд ажиллах салбараар нь нарийн ангилж, түүндээ тохирсон технологийг нь эзэмшүүлэн, улам нарийн мэргэшүүлэн бэлтгэж байна. Ийм мэргэжилтнүүдээс дэлхийн төвшинд хүрсэн чанартай бүтээгдэхүүн гарч чадна. Тиймээс л төрийн бодлогоор үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, мастер, жижиг, дунд үйлдвэрийн эзэд буюу ажил олгогчдыг бэлтгэхэд онцгойлон анхаарч, үүнтэй нь уялдуулан үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэргийг олгох хөшүүргийг бий болгоё.
-Таны ярианаас чухал хөтөлбөр боловсруулж, гэхдээ ихэнх хөтөлбөр, хөгжлийн бичиг баримтууд цаасан дээр үлддэг. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр юм байна уу?
-Гурван жилийн өмнөөс Германы үйлдвэр, аж ахуйн газрын эздүүдтэй уулзсанаас эхлээд төр, засгийнх нь удирдлагын хэмжээнд хүртэл ярьж байна. Германд эхний олон арван залуучууд зам, барилгын чиглэлээр сурч байгаа. Берлин хотын Захирагч Михаель Мюллертэй уулзаж, ойрын хугацаанд сургах 10 хүүхдийн асуудлыг ярьж байна. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүд дэмжиж, мэргэжлийн сургалтын төвүүдэд суралцагсад цалингүй байсныг 2019 онд 100000, 2020 онд 200000 төгрөг олгохоор шийдүүлсэн нь залуу мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд бодитой хувь нэмэр болж чадсан билээ.
Хөдөөгийн хоёр мэргэжлийн сургалтын төвд тус бүрд нь 400 сая төгрөг буюу нийт 800 сая төгрөг, Улаанбаатар хотын барилгын коллежид 200 сая төгрөг улсын төсвөөс гаргахаар батлуулж, тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Улаанбаатар хотын Барилгын коллежид ХБНГУ-ын тусламж, дэмжлэгээр герман хэлний тусгай анги нээснээр цаашдаа Германы мэргэжил олгох сургуулиудад улс оронд хэрэгтэй нарийн мэргэжлээр сурах боломжтой болсон. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2030 хүртэл 30 мянган залууг Герман, Солонгос, Япон зэрэг гадаад орнуудад өндөр мэргэжлийн боловсон хүчин болгож бэлтгэхээр тусгасан байгаа. Үүний үр дүнд олон үйлдвэр, аж ахуйн газрууд хөгжих болно.
-Иргэд, олон нийтэд таны “ЖИНХЭНЭ ЖДҮ-чид маш олон болтугай” хэмээх цуврал ярилцлага багагүй хүрч байгаа нь анзаарагдсан. Иргэдийн энэ хандлагаас танд юу илүү олзуурхмаар харагдаж байна, энэ чиглэлд төрөөс явуулж байгаа бодлогын сул тал нь юу байна?
-Монгол Улсад нийт 22 тусгай сан байна. Шуудхан хэлэхэд, тэдэнд энэ тухай мэдээлэл, сургалт тун хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн бүрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрх бүр үйлдвэрлэгч байх тэр хандлагыг төрийн бодлогоор дэмжих, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах боломж нь дутмаг нь харагдаж байна. Ингэж хэлэх болсны шалтгаан нь намайг цувралаар ярилцлага хийж, албаны хүмүүстэй холбогдож “гүүр” болох ажлыг эхлүүлснээс хойш 21 аймгийн ард иргэд их хандлаа.
Тэдний хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар их тодорхой мэдээлэлтэй болох, зээлийн шалгуурын тухай, бүр төслөө хэрхэн бичих талаар сургалт авмаар байна гэх зэргээр ажил хэрэгч их асуултууд тавьсан. Энэ нь нэг талаас иргэд төрийн гар гаралгүй ажилтай, орлоготой болохын төлөө санаж сэдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл асаж байгаа зөв хандлага ажиглагдаж байна гэж дүгнэмээр байна.
-Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төдийгүй, тариалан эрхлэгчдийг дэмжих гээд төрийн олон сангаас зээл олгож байгаа. Үйлдвэрлэгч, тариаланчдад зээл нь олдохгүй байгаад асуудал байгаад ямар алхам хийх шаардлагатай гэж харж байна вэ?
-Сангийн хэмжээнд бол 1411 төсөл ирсэн, улсын хэмжээнд бол 2744 аж ахуйн нэгж хамрагдах зээлд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. Нийт ирсэн зээлийн хүсэлт нь 487 тэрбум төгрөг болоод байна гэж албаны хүмүүс ярьж байна билээ. Миний дээр өгүүлсэн тоо баримтуудаас ямар их нөөц, боломж 2020 онд төлөвлөгдсөн нь харагдаж байна. Ийм нөхцөлд зээл, хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагатай салбартаа зөв эзэндээ хүргэх нь нэн чухал юм. Тухайлбал, ЖДҮЭДС-аас олгох зээлийн шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулалт, зээл олгох, эргэн төлөлт, хяналт зэрэг мэдээлэл нь олон нийтэд илүү нээлттэй “шилэн” байх нь чухал. Төр нь мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах үүргээ сайн биелүүлэхийг ард иргэд шаардсаар байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төрийн дэмжлэг, зээлийн бодлогууд нь иргэдэд тодорхой бус, улсын төсөв, гадаадын зээл тусламж, 22 тусгай сангийн талаарх мэдээллийг нэгтгэж “нэг цонх”-оор өгч байгаагүйг иргэд их шүүмжилж, мэдээллийг “нэг цонх”-оор авах талаар санал, бодлоо их бичсэн байна лээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны “ЖДҮ-тэй холбогдсон миний цорын ганц түүх”-ийнхээ талаар бичсэн нь сошиалд тренд болсон. Тэгэхээр та ч бас үйлдвэрлэл эрхлэх зовлонгийн халуун чулуунаас атгаад үзжээ гэж ойлгосон?
-Тийм шүү. Миний хувьд хар бага наснаасаа ажилд хөдөлмөрийн амт шимтийг үзэж өссөн бөгөөд Гумболдьтын Их сургуулийг төгсөж ирээд өөрийн хүсэлтээр Улаанбаатарын Мах, консервийн комбинатад цехийн мастер, ээлжийн ахлагчаас эхлэн 3000 гаруй ажилчинтай хамт олонтойгоо эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнээ чанартай хүнсээр хангах ариун үйлсэд зүтгэж бодитой хувь нэмрээ оруулсан. 1990-ээд оны эхээр Германд байхад социалист нийгэм задран унаж, зах зээлийн нийгэмд шилжих тэр эрс өөрчлөлтийн замыг туулах болсон. Амьдралаа цааш нь өнгөтэй, өөдтэй авч явахыг миний хоёр дахь аав, ээж болсон Кайзер, түүний гэргий Улла зааж, зөвлөсөн. Загас өгөх бус загас барих аргаас зааж өгсөн дөө.
Кайзер маань надад “Ямар ч нийгэмд хүн сайн л хөдөлмөрлөвөл сайхан амьдрах боломж хүн бүрт байдаг. Ялангуяа энэ зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа үед хэн ажил хөдөлмөр хийхгүй залхуурна, тэр хүн тойргийн гадна хаягдана. Хөгжил дэвшлийн тойрог дотор амжилттай байхын тулд цаг алдах хэрэггүй сурахын хажуугаар ажлын гараагаа эхлүүлэх хэрэгтэй, Жижигхэн ч хамаагүй үйлдвэрээс эхэл. Эдийн засаг багаас өсдөг юм. Үүнийг өвөө минь, аав минь надад захисан. Боломжийг бүү алд” гэж хэлсэн нь одоо ч сэтгэлд тодхон санагддаг.
-Ярих нэг хэрэг, үйлдвэр эхлэхэд ямар байв?
-Тэд ч тусална гэсэн амлалтдаа хүрч “ЖДҮ” төслийн хамгийн анхны хөрөнгө оруулалтыг надад итгэн өгч байсныг хэзээ ч мартдаггүй юм.
1996 онд Монголд хамгийн анхны хувийн хиамны цехээ (тухайн үед ингэж хэлдэг байв) нээсэн. Кайзер маань ийнхүү надад ЖДҮ-ийн төслийн санааг гаргасан төдийгүй санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн. Бүр өөрөө шавийнхаа ажилтай газар дээр нь танилцахаар бас хиам, махны мэргэжлийн нэгэн найзтайгаа хамт ирэхэд нь миний баярласан гэж жигтэйхэн. Аав минь туслахаар ирсэн шиг л санагдсан. Жижигхэн цехэд маань гахай нядлан, хэд хэдэн төрлийн хиам зайдас манай ажилчидтай хамтран хийж үзүүллээ. Зааж сургахын хажуугаар бас тоног төхөөрөмжүүдийг маань шалгаад, үйлдвэрийн ажиллагаанд байсан алдаа, оноог дүгнэж өгсөн. Жинхэнэ тусламж дэмжлэг гэдэг энэ гэдгийг ойлгосон доо.
Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, эрхлэх гэж байгаа хүнд зөвхөн зээл өгөх, хөрөнгө оруулаад орхилгүй, тэднийг зааж сургаж, чиглүүлж, мэргэшүүлж дадлагажуулах бизнес инкубаторт бойжуулах нь чухал.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.