Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан нэг удаа хэрэглэх энэхүү хуулийг батлах гэж байгаа юм. Гэвч хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлөхүйц заалт орж болзошгүй байгаа тул Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб Интернэшнл төв” хамтран хуульд өгөх санал, шүүмжийг өчигдөр /2020.04.28/ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Санал, шүүмжийг бүрэн эхээр нь хүргэе.
Улсын Их Хурлын дарга Г.Зандаршатар танаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшл төв” ТББ-ууд нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон нийтийн баталгаатай, үнэн бодит мэдээлэл авах эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон нийтийн байгууллагууд юм.
Сэтгүүл зүйн ёс зүй, хэвлэл мэдээллийн редакцийн хариуцлагыг бид зөөлөн хэм хэмжээ буюу хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх урт хугацаандаа илүү үр өгөөжтэй хэмээн үздэг. Иймээс ХМЗ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдлыг үнэ төлбөргүй хүлээн авч, өөрийн дүрэм журмынхаа хүрээнд шударгаар хэлэлцэн дүгнэлт гаргадаг. Үүний зэрэгцээ хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангахтай холбоотой хууль, журмын төслүүдэд манай байгууллагууд саналаа нэгтгэн, хамтран илэрхийлсээр ирсэн.
Монгол Улс коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг харгалзан үзэж буй нь сайшаалтай ч хүний үндсэн эрхийг хязгаарлах гэж буй арга хэмжээ бүртээ дараахь ерөнхий нөхцөл шаардлагууд хамаарахыг харгалзан үзэхийг бид санал болгож байна. Үүнд:
- Тухайн арга хэмжээний тохиромжтой байдал
- Тухайн арга хэмжээний үр нөлөө
- Тухайн арга хэмжээний харьцангуй хэмжээндээ байх эсэх
Ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийн дагуу Монгол Улс хэвлэл мэдээллийн ёс зүйн хариуцлагыг өөрийн зохицуулалтаар хийж буйн хувьд Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөнд халтай зарим зүйл заалт байна хэмээн үзэж хуулийн төслүүдэд хамтарсан санал, шүүмж илгээж буйг хүлээн авна уу.
Бид УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй дараах гурван хуулийн төслийг нухацтай судлаад доорх саналыг хүргүүлж байна.
- Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн 14.2-р зүйл “цар тахлын талаарх цаг үеийн болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой үнэн бодит, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ” гэсэн заалт нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцын агуулгад төрөөс чанарын хяналт тогтоох гэсэн оролдлого хэмээн үзэж буй тул “үнэн бодит мэдээлэл”, “баталгаатай эх сурвалж” гэсэн томъёоллын тайлбарыг оруулж, урвуулан ашиглахаас сэргийлэх.
- Мөн хуулийн 9.14-т “ … олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна”, 9.15-т “ … зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ”, 9.16-т “төөрөгдүүлэх, худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-той хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина” гэсэн заалтууд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мөн редакцын нууц эх сурвалжийн хамгаалалт зэрэг үндсэн эрхүүдийг хязгаарлаж, цензур тогтоож болзошгүй, урвуулан болон хэтрүүлэн ашиглагдах боломжтой тул, хариуцлагын ямар хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйг тодорхой болгох (тух: торгууль, хориг тавих, лицензийг хураах, хэвлэн нийтлэхийг хориглох, редакцын агуулгыг устгах гэх мэт), мөн “төөрөгдүүлэх мэдээ”, “худал мэдээ” зэргийг тодорхойлох, хуульд тайлбар хийх замаар урвуулан ашиглагдахаас сэргийлэх.
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 10.4.10. “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлах” гэсэн заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакттай зөрчилдөж буй ноцтой заалт тул хуулийн төслөөс хасах.
- Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 5.13.1. “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно” гэсэн заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хязгаарлалтын хүрээг өргөжүүлжээ. Ингэснээр дээрх заалт нь олон улсын стандартын зөвшөөрсөн хэм хэмжээнээс илүүгээр хүлээн зөвшөөрөгдөх, онцгой байдал үүссэн тохиолдолд онцын шаардлагагүйгээр хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, цензур тогтоох эрсдлийг дагуулж байна. Мөн торгуулийн хэмжээг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээ тараах” заалтын торгуулийн хэмжээтэй уялдуулж бууруулах.
Дээрх заалтуудыг эргэн харж шаардлагатай нэмэлт тайлбаруудыг хийх, томъёоллыг өөрчлөх, хэвлэлийн эрх чөлөөнд халтай заалтуудыг хасах, өөрчлөх зэрэг саналуудыг нэгтгэн хүргэж байна. Эдгээрийн үндэслэл, нэмэлт тайлбарыг хавсаргав.
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвтэй хамтран хүргүүлж буй дээрх саналуудыг хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарч үзнэ үү хэмээн Эрхэм хууль тогтоогч Танаас хичээнгүйлэн хүсье.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ
Хавсралт:
- Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн 14.2, 9.14, 9.15, 9.16 дугаар заалтуудад өгөх нэмэлт тайлбар:
14.2. Цар тахлын талаарх цаг үеийн болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой үнэн бодит, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ.
9.14-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь цар тахлын үед болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна.
9.15-т “Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ.
9.16-т “төөрөгдүүлэх, худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-той хамтран баталж, хэрэгжилтэнд хяналт тавина.
Хуулийн төсөлд харгалзах үндэслэл:
МУ-ын Үндсэн хуулийн 16, 19.1-д заасан иргэний эрхүүдийг баталгаажуулах зорилгоор Хэвлэлийн эрх чөлөөний тухай бие даасан хуулийн 2, 3, 4 дүгээр зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах болон төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тавихыг тус тус хориглосон билээ.
Эдгээр заалт нь Хэвлэлийн эрх чөлөөний дээрх заалтуудтай зөрчилдөж, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцын агуулгад төрөөс чанарын хяналт тогтоох гэсэн оролдлого болох тул ардчилсан нийгэмд зайлшгүй шаардлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөөс хараат бус, бие даасан байх явдалд халтай зүйл болно.
14.2, 9.16-г ашиглахын тулд цаг үеийн, үнэн бодит мэдээлэл, төөрөгдүүлэх, худал мэдээлэл гэж юу болох, эдгээрийг ямар эх сурвалжууд үүнийг өгч чадах, найдвартай мэдээлэл гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг нарийвчлах шаардлагатай.
Түүнчлэн дээрх заалтуудаас дараахь асуултууд урган гарч байгааг анхаарч үзнэ үү.
- Хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл болон дүгнэлтийг гаргах эрх болон мэргэжлийн чадвар хэнд олгогдох вэ?
- “Үнэн бодит” болон “Худал төөрөгдүүлсэн” мэдээлэл гэж юу вэ?
- Хэн хариуцлагыг хүлээлгэх вэ? (Эрх бүхий аль нэг байгууллага эсвэл шүүх)
- Хариуцлагын ямар хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? (Торгууль, хориг тавих, лицензийг хураах, хэвлэн нийтлэхийг хориглох, редакцын агуулгыг устгах гэх мэт)
- Цар тахлын үед агуулгын тусгай зохицуулалт хийх нь одоо хэвлэл мэдээллийн редакцуудын мөрдөж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”, түүний хэрэгжилтийг хангах хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаас хэтрэх шалтгаан юу вэ? Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-т Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ. 1.2-т үнэнд Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ хэмээн тусгасан байдаг.
- Сэтгүүл зүйн редакцын агуулгын мэргэжлийн стандарт нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмуудаар хэмжигддэг. Иймээс редакцууд ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах, нягтлан шалгах зохицуулалтыг дотоодын дүрэм журмаараа мөн хийдэг. Иймд ердийн үед мөрдөгдсөөр ирсэн үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулж хүргэх редакцыдурдсанн итгэл үнэмшил, ёс зүйн хэм хэмжээ цар тахлын үед ч нэгэн адил үйлчлэх тул энэхүү заалтыг эргэн харж, дээрх асуултуудад хариулах шаардлагатай болж байна.
- Мэдээллийг саадгүй гаргаж өгөх гэдэг нь ямар төрлийн мэдээллийг шаардаж буйг заагаагүй бөгөөд бүх төрлийн мэдээллийг олж авч болох боломжийг төрийн байгууллагад өгч байгаа нь хэтрүүлэн хэрэглэх, дураар авирлах боломжийг олгож байна. Иймээс төслийн 9.15-ийг “ … зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд холбогдох гамшгийн тухай мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ” гэж өөрчлөн найруулах саналтай.
- 9.14-т “ … олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна. гэснийг эрх бүхий байгууллагын нэрийг тодорхой нэр зааж оруулах;
2) Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 10.4.10 дугаар заалтад өгөх нэмэлт тайлбар:
10.4.10. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлах
Хуулийн төсөлд харгалзах үндэслэл:
Монгол Улс 1961 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг хүлээн зөвшөөрч, соёрхон батласан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд: Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана гэжээ.
Пактын 2-р зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарах ёстой.[1]
а) бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;
б) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах;
Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын өндөржүүлсэн байдалд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Гэсэн хэдий ч хүний үндсэн эрхийг хязгаарлах гэж буй арга хэмжээ бүрт нь дараахь ерөнхий нөхцөл шаардлагууд хамаарна. Үүнд:
- Тухайн арга хэмжээний тохиромжтой байдал
- Тухайн арга хэмжээний үр нөлөө
- Тухайн арга хэмжээний харьцангуй хэмжээндээ байх эсэх
Иймд хуулийн төслийн 10.4.10 дэх зохицуулалтыг бид онцгой байдал үүссэн тохиолдолд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мөн редакцын нууц эх сурвалжийн хамгаалалт зэрэг үндсэн эрхийг хязгаарлах заалт хэмээн үзэж буй тул үүнийг хасах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Гамшиг, онцгой байдлын үед үндсэн эрхүүдэд хязгаарлалт тогтоохыг зөвшөөрөх өргөн хүрээний эрх зүй байдаггүй. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө нь нэг талаас “үзэл бодол бий болох” байнгын үйл явцын хэрэгсэл мөн, нөгөө талаас олон нийтийн яриа, маргаан, хэлэлцүүлгээр дамжуулан “хяналтын хэрэгсэл” болдогоороо онцгой нөхцөл байдлын үед хэвлэл мэдээллийн үүрэг улам бүр нэмэгддэг.
Нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд мэдээлэл дамжуулах эрхээ урвуугаар ашиглаж болзошгүй. Европын Зөвлөлийн Сайд нарын хороо хувийн хэвлэл мэдээллээс илүү үүрэг хүлээх ёстой олон нийтийн хэвлэл мэдээлэлд “заавал нэвтрүүлэх” үүрэг оногдуулахаас болгоомжилдог. Олон нийтийн өргөн нэвтрүүлэг зөвхөн хуулиар тогтоосон онцгой нөхцөлд албан ёсны мэдээ, мэдэгдэл, мэдээллийг нэвтрүүлэх эсхүл төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг мэдээлэх ба төрийн байгууллагад эфирийн хугацааг ийм зорилгоор олгох ёстой гэж заасан.
Олон нийтэд түгээх мэдээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакторын шийдвэрлэх асуудал бөгөөд хуулийн шаардлага байх ёсгүй.
3) Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн 5.13.1 дүгээр заалтад өгөх тайлбар:
5.13.1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно.
Хуулийн төсөлд харгалзах үндэслэл:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах”-ын тулд онцгой байдлуудыг зөвшөөрсөн байдаг.
Зөрчлийн хуулийн дээрх заалт нь ХЭТГ-ын 19 дүгээр зүйлийн хязгаарлалтын хүрээг өргөжүүлжээ. Ингэснээр дээрх заалт нь олон улсын стандартын зөвшөөрсөн хэм хэмжээнээс илүүгээр хүлээн зөвшөөрөгдөх, онцын шаардлагагүйгээр онцгой байдал үүссэн тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах эрсдлийг дагуулж байна хэмээн бид үзэж байна.
Энэхүү заалт нь онцгой нөхцөл байдалд төдийгүй цаашид ч үйлчилсэн хэвээр байх бол Зөрчлийн хуулийн 6.21-т байсан гүтгэх зохицуулалтын нэгэн адил Цагдаагийн байгууллагаас редакцын агуулгыг “төөрөгдүүлсэн” эсвэл “буруу” эсэхийг шийдвэрлэх болно. Аливаа нэгэн мэдээллийн хуурамч байдал нь ихэнхдээ нотлох баримтуудаар батлагддаг. Гэтэл хуулийг хэрэгжүүлэгчид “төөрөгдүүлсэн” мэдээлэл гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Ямар тодорхойлолтыг энд хамааруулж болох вэ? гэдэг асуултад хариулах шаардлага тулгарч байна.
Хуулийн төсөлд тусгагдсанаар хуулийг хэрэгжүүлэгч цагдаа нарт олныг хамарсан өргөн хүрээний үйл явдлууд, аюулт үзэгдлийн үеэр хэвлэл мэдээлэлд “цензур тавих” эрх мэдлийг олгож байна. Ингэснээр гамшгийн үед болон нарийн тодорхойлж зааж өгөөгүй “осол, аюул, нийгмийн бусад эрсдэл” үүссэн тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, цензурыг бий болгох эрсдэлтэй. Мөн ижил төстэй харилцааг зохицуулсан бусад хуультай нийцүүлэхгүй бол хэт өндөр торгууль болж эдийн засгийн цензурыг редакцид үүсгэж болзошгүй. Түүнчлэн худал мэдээлэл “түгээх”, “тараах” гэсэн өөр агуулгатай үгсээр тусдаа хуулиадад ялгаатайгаар томъёолж буй эргэн харах шаардлагатай. Тухайлбал, Эрүүгийн хуулинд худал мэдээлэл тараах, Зөрчлийн хуулийн төсөлд худал түгээх гэснээр заажээ.
Мэдээллийн эрх чөлөөний ойлголтоор ТҮГЭЭХ гэдэг нэр томьёогоор орлуулах нь хууль зүйн техник, монгол хэлний найруулга талаасаа илүү оновчтой байна. Түгээх нь нэг толгой байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэнээс цааш нь /distribute/ хийж түгээгдэх ойлголт юм.
4) Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн 14.1 дүгээр зүйлд өгөх тайлбар:
Хуулийн төслийн 14.1 “Хэвлэл мэдээллийн байгууллага нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд мэдээлэх үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлнэ.”
гэснийг Хэвлэл мэдээллийн байгууллага нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд мэдээлэх үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлж болно хэмээн өөрчлөх саналтай байна.
Хуулийн төсөлд харгалзах үндэслэл:
Учир нь Хэвлэл мэдээллийн байгууллагаас тодорхой төрлийн мэдээлэл дамжуулахыг шаардах нь хэрэггүй зүйл бөгөөд заримдаа үүнийг урвуугаар ашиглаж болно. Бусад оронд ийм шаардлага тавих нь тун ховор тохиолддог боловч хэвлэл мэдээлэл нь нийтийн ач холбогдолтой зүйлийг хангалттай мэдээлдэг. Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллага нь дээр дурдсан мэдээллийг дамжуулах нь дамжиггүй бөгөөд үүнийг үүрэг болгож оногдуулах шаардлагагүй. Ийнхүү мэдээллийг өргөн түгээх явдлыг үүрэг болгож ногдуулах биш харин бие даасан олон төрлийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хангана. Иймэрхүү позитив үүргийг дээр дурдсанчлан буруугаар хэрэглэх нь элбэг тохиолддог. Бие даасан хэвлэл мэдээллийг дээрх бүрхэг заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр дарамтлах, хаах явдал гарч болзошгүй. Олон нийтэд түгээх мэдээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакторын шийдвэрлэх асуудал бөгөөд хуулийн шаардлага байх ёсгүй юм.
[1] Олон улсын хүний эрхийн билл, ХЭҮК, 32-р тал