Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаныхан бие бүрэлдэхүүнд замын тээврийн хөдөлгөөний талаарх сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг. Энэ удаад тус албаны цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Н.Пүрэвцогт дараах сэрэмжлүүлгийг ирүүлжээ.
“Өнөөдөр улсын хэмжээнд 46900 орчим мотоцикл бүртгэлтэйгээс 90 орчим хувь нь орон нутагт байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоцикл унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэнээс 122 иргэн амь насаа алдаж, 237 иргэн хүнд гэмтсэн. Энэ жил ч мөн адил мотоциклтэй холбоотой зам тээврийн осол буурахгүй байгаа нь жолооч нарын анхаарал болгоомж сул байгаатай холбоотой юм. Осол зөрчлийн олонх нь согтуугаар жолоодох, бүрэн бус мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцох, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй зорчих, хамгаалалтын малгай хэрэглээгүй зэрэг жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэн гарч байна. Тэгвэл энэхүү зөрчлүүдийг гаргаж байгаа жолооч нарыг Зөрчлийн хуулиар торгодог болохыг дахин сануулъя. Зөрчлийн хуульд хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцвол 10 мянган төгрөг, бичиг баримтын зөрчилтэй, А ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцвол 200 мянган төгрөгөөр тус тус торгоно. Иймд жолооч та бүхэн техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн амь нас, эд хөрөнгөө хайрлан хамгаалахыг анхааруулж байна” гэжээ.
Эх сурвалж: ЗХЖШ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.