Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, өнөөдөр 1.8 сая хүн коронавирусээр өвчлөөд байна. Энэ нь Латви улсын хүн амын тоотой дүйцэж буй юм. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн тусгаар улсын хүн амтай дүйх алтан амь хижиг тахалд нэрвэгджээ. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 108,8 мянгад хүрсэн бол 402 мянган хүн эдгэрчээ.
Харин манай улсын тухайд, өнөөдөр нэг тохиолдол бүртгэгдэн ийнхүү 17 тохиолдол боллоо. Бусад улс оронд ч халдварын тархалт цагийн зүүтэй уралдах мэт нэмэгдсээр байна. Япон улсад гэхэд л, 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй. Харин дэлхийд эдийн засаг, техник технологиороо тэргүүлэгч их гүрэн Америкт ганц хоногийн дотор 2000 гаруй эндэгдэл гарч буй нь дэлхийн хаана ч гараагүй муу үзүүлэлт болж байна. Энэхүү тоон үзүүлэлт нь Афганистанд явуулсан 18 жилийн дайны явцад амь үрэгдсэн цэрэг дайчдын нийт хохирлоос ч хол давсан гэж хэлж болохоор. Цар тахлын дэгдэлтийн үзүүлэлтээр Америк ийнхүү тэргүүлж байна. Тус улсад 520 мянган өвчлөл бүртгэгдсэний 180,0 гаруй нь зөвхөн нэг газар буюу Нью-Йорк мужид байгаа юм. Харин БНСУ, Хятад улсуудад халдварын тархалт намжиж байгаа бол Итали, Испанид сүүлийн хэдэн өдөр дарааллан эндэгдлийн тоо буурах үзэгдэл ажиглагдаж байна. Мөн манай хойт хөрш ОХУ-д нөхцөл байдал тун тааруухан, өвчлөлийн тоо түм даваад хяналтад байгаа сэжигтэй тохиолдол нь 173.0 болчихоод нэг л аярахгүй байгааг цахим мэдээллийн хуудаснуудаас нь харж байна.
Түүнчлэн Казахстаны хамгийн том газрын тос олборлолтын талбай болох Тенгиз дэх ажилчдын байранд шинэ коронавирусийн халдвар тарж, 12 хүний онош эерэг гарсан тухай Тенгизшевроил компани мэдээлжээ. Тус улсын хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч Тенгизшевроил нь АНУ-ын Chevron группийн хөрөнгө оруулалттай компани юм.
Компанийн захиргаа вирусийн тархалтыг зогсоож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар газрын тосны үйлдвэрлэлээ тасалдуулахгүй байх бүх арга хэмжээг авснаа зарлажээ. Тенгизшевроил компанийн ажилчдын байр 2,000 ортой бөгөөд олон мянган ажилчин долоо долоо хоногийн ээлжээр энд ажилладаг юм байна. Энэ долоо хоногийн эхээр энд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэвч анхны халдвар тээгч нь цааш 11 хүнд вирус тараасан нь өчигдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна. Мөн өчигдөр Орос-Хятадын хилийн Манжуур хотод Covid-19 өвчтэй 34 хүн хил нэвтэрч ирсэн тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ.
Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт оршдог Манжуур хот нь Орос, Хятадын хуурай газрын хамгийн том боомт юм. Ийнхүү Өвөр Монголд өчигдрийн байдлаар нийт 114 халдварын тохиолдол хилээр зөөвөрлөгдөж ирсний 70 нь Манжуур хотод бүртгэгдсэн байна. Түүнчлэн Европын комиссоос настай иргэдээ оны эцэс хүртэл “нуугдах”-ыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хижиг тахлыг оны эцэс гэхэд нам дарах вакцин гарган авна гэсэн горьдлоготой байгаа аж. Тиймээс вакцин гарган авах аргыг олох хүртэл настай иргэд өөрсдийгөө тусгаарлах дэглэмийг дор хаяж, оны эцэс хүртэл мөрдөх хэрэгтэйг Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдээд байна.
Дашрамд дуулгахад, энэ хирээр улс орнууд хөдөлгөөнд орж, эхнээсээ томоохон “нүүдэл” хийж эхэллээ. Америк, Япон хоёр манай өмнөд хөршид байгаа өөрсдийн бүх компани, үйлдвэрүүдийг татан гаргах тухай мэдэгдлээ хийгээд эхэлжээ. Энэ санаа нь нэгэнт хэрэгжээд эхлэвэл өмнөд хөршийн хувьд Америк, Хятадын худалдааны дайнаас ч илүү том цохилт амсаж таарна. Манай улсын хувьд ч эл асуудал нь нэлээд сонирхол татаж байгаа ч, эрх мэдэлтнүүд ямар шийдвэр гаргах нь нэг хэрэг. Харин дээрх хоёр орны ухаалаг бизнесмэнүүд нэг тэрбум 400 сая хүнтэй далай шиг том зах зээлийг тийм хурдан хаяад гарчих нь юу л бол? Тийм болохоор үйлдвэрүүдээ гаргах засгийн шийдвэр нь хэрэгжээд эхлэвэл Хятадтай хаяа залгаа Монгол руу үйлдвэрээ шилжүүлэх хувилбарыг сонирхож л таарна. Бидэнд ямар нэгэн боломж харагдахгүй байна гэж үү…
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.