Махны үнийг хөөрөгдсөн “Номин”-д 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

2020-03-17 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын 2020 оны 78-р тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдсөн, зохиомол хомсдол үүсгэсэн, дамлан худалдаалсан асуудалд хяналт тавьж ажиллажээ.

Энэ сарын 12-16-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар “Номин Тав Трейд” ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнийг нэмсэн зөрчил илэрчээ. Тодруулбал, тус байгууллага энэ сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнийг нэг килограмм тутамд 1000-1500, үхрийн ястай махыг 2000, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр нэмсэн нь тогтоогдсон байна. Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин Тав Трейд” ХХК-д Зөрчлийн хуулийн дагуу 20 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан шийдвэр гаргажээ.

Мөн “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-ууд “М-Си-Эс Кока Кола” ХХК-ний ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, энэ тохиолдолд “М-Си-Эс Кока Кола” ХХК-аас тухайн дэлгүүрт ус, ундаа, жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа хийж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан аж.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 8 дугаар сард “М-Си-Эс Кока Кола” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн торгууль, “Номин тав трейд” ХХК-д 67,8 сая, “Скай хайпермаркет” ХХК-д 11,6 сая, “Моннидер” ХХК-д 11,9 сая төгрөгийн торгуулийг тус тус оногдуулсан.

“М-Си-Эс Кока Кола” ХХК тус хууль бус үйлдлээ үл хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлыг нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхээс тус тус хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын оногдуулсан 1,2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн эмийн  сангууд амны хаалт, ариутгалын бодисны үнийг нэмэгдүүлэх, зохиомол хомсдол үүсгэсэн зөрчил гарсан байна. Үнийг буулгах шаардлага тавихад худалдаа болино хэмээн гөжүүдэлсэн явдал ч гарчээ. Тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж л байгаа бол төрийн өмнө үүрэг хүлээж ажиллаж ёстой гэсэн шаардлагыг тавьсан талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваа хэллээ. Мөн тэрбээр тэдгээр аж ахуйн нэгжийг гаргасан зөрчлөө арилгах эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах болно гэдгийг сануулсан байна.

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байгааг тэрбээр онцлов. Монголын хууль гурав хоног гэгчээр эхэндээ ариутгал хийж байсан ч сүүлдээ энэ байдал алдагдсан зөрчил их гарсан байна. Гаргасан зөрчил бүрт торгуул оногдуулахын оронд газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлага тавьж ажиллажээ.

Мөн энэ үеэр шатахууны үнийн асуудлаар сэтгүүлчид түүнээс тодруулахад “ОХУ-ын “Орос нефть” компаний гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобензин 539 ам доллар, АИ92 авто бензин 569 ам доллар, дизель түлш 566 ам доллар тонн болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 бензинүүд тонн тутамдаа 58 ам доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурсан байна. Ашигт малтмалын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын хэмжээнд борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийг түвшнээс А80 1730 төгрөг, АИ92 1835 төгрөг, дизель 2460 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна.

Салбарын яам, агентлагуулын ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоог ашиглан холбогдох тооцоог хийхэд литр тутамдаа А80 бензин 98 төгрөг, А92 бензин 194 төгрөг, дизель түлш 335 төгрөг ашигтай байгааг тогтоожээ. Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа болон орон нутгийн салбаруудад борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулж, бууруулж авсан арга хэмжээний талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх тухай шаардлага бичгийг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.

Онцгой байдлын үед аж ахуйн нэгжүүд шаардлага мэдээллийг хүргүүлсэн даруйд тодорхой арга хэмжээг авч анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.