Х.Бадамсүрэн:”Эрдэнэт үйлдвэр”-т шахааны ямар ч асуудал байхгүй

2017-05-2 Парламент

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийв. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө энэ оны нэгдүгээр улиралд 100 хувиас дээш ханган биелүүлжээ. Нэгдүгээр улиралд 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн нь нөлөөлсөн гэлээ. Одоогоор банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан өргүй гэж мэдэгдсэн юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос өгч байгаа мэдээллээр УИХ-ын 23 дугаар тогтоолын хүрээнд “Монросцветмет” дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн хувийн хэвшлийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, 100 хувь төрийн ТУЗ-ийг бүрдүүлсэн байгаа. “Монгол зэс” корпорациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан явдал болон ТУЗ-ийн гишүүдийг  чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байна. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна гэсэн юм.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьсан нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан талаарх асуудал байлаа.  Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийх эсэхээ шийдэх ёстой байтал төр хувийн өмчийг булаасан үйлдэл болсон гэсэн юм. Мөн “Эрдэнэт”-д төрийн эзэмшил 51 хувь байхад улс төрийн болон сэлбэгийн шахаа явсан. долоон  дэд даргын асуудал яригдаад байгаа, үнэн үү. “Жаст”-ын өр “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэгдээд байгаа юм уу, Төрийн банкнаас нэхэгдээд байгаа юм уу гэсэн асуултыг байнгын хорооны гишүүд тодруулахыг хүслээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн компанийн 49 хувийг  “Монголын зэс” компани аваад шинэ бүтцийг баталсан. Энэ бүтцээр Ерөнхий захирал, дэд орлогч, ажлын албатай байна гэж баталсан. Эрдэнэт үйлдвэр компани нэгдмэл удирдлагатай ажиллах ёстой. Нэг л ажлын албатай байхаар байгуулсан. Шахааны ч юм уу бусад асуудал байхгүй. Ажлын авснаас хойш ажил төрлийн шаардлагаар Технологийн сургуулийн захирлыг л өөрчилсөн, жолоочоо ч өөрчлөөгүй. Үйлдвэрлэлд ажилладаг мэргэжлийн хүмүүс чиглэлээрээ ажиллаж байна.

Намайг сарын 24 сая төгрөгийн цалин авч байна гэсэн, ТУЗ гэрээ хийгээгүй. Миний цалин гурван сая төгрөг. Нэгэнт төр засаг ТУЗ итгэл хүлээлгэж томилсон учраас би зүтгэж явна.   “Эрдэнэт”-ийн 2017 оны бизнес төлөвлөгөөг ТУЗ-аар хэлэлцэн баталгаажуулсны дагуу ажиллаж байгаа.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү: Монгол-Оросын хамтарсан компани байхдаа “Эрдэнэт” ХХК байсан. Статусаа одоо болтол өөрчлөөгүй гэсэн хариулт өглөө.

С.Гэрэлсүх

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.