Уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Баяраа нар оролцов.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тавдугаар сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлээд “Энэ өдөр хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллагууд төр, засгийн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалын дагуу Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
-Улс орны эдийн засаг амаргүй байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг, цалин, орлого, ядуурал гээд санаа зовоосон олон асуудал урган гарч байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээ бид энэ оны нэгдүгээр сард баталж, цалин нэмэх асуудлыг 2018 оны төсөвт тусгах, татвар нэмэхгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй. Эцэст нь хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдлээ.
Бид нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, гурван талт хэлэлцээрээ хатуу баримтлах байр суурьтай байгаа гэв. Тэрбээр УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах шаардлага байгааг энэ үеэр онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлт нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, бэрхшээлийг даван туулах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд нааштай эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2016 оны жилийн эцсийн болон энэ оны эхний улирлын төсвийн орлого давж биеллээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн дүн гарсан. Валютын ханш харьцангуй тогтвортой байна. Энэ эерэг өөрчлөлтийг тогтвортой хадгалж, цаашдын өсөлтийг хангах нь бидний гол зорилго болж байна. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн эрхэм байгааг та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна гэж тэмдэглэлээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Уурхайчид, төмөр замчид гээд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, харьцангуй гайгүй цалин авдаг хүмүүст тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал хийхдээ ажиллагсдад нь хувьцааг нь эзэмшүүлэх асуудлыг анхааралдаа аваасай. “Хөдөлмөрийн татвараас хөрөнгийн татвар луу” гэсэн дэлхийн хандлагыг манайх ч анзаарах ёстой” гэлээ.
Олон нийтийн анхаарал татсан, бухимдал төрүүлж буй асуудлаар нийгмийн зөвшилцөлд оролцогч түншүүд хамтран ярилцаж, харилцан зөвшилцөж, ойр дөт хамтран ажиллах нь чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
18 минутын өмнө
31 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.