АТГ: УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн шалгаж байна

2020-01-31 Парламент

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд түлхүү анхаарал хандуулан ажиллажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Дашрамд дуулгахад, АТГ нь өнгөрсөн онд хуульд заасан харьяаллын 1559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.