Дорноговь аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр /2020.01.29/ хуралдаж, аймгийн Онцгой комиссын гишүүд болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Эм эргэлтийн сан болон аймагт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн төлөөллүүд оролцлоо.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Замын-Үүд хилийн боомтоор 1354, Ханги хилийн боомтоор 8, нийт 1362 иргэнийг Монгол Улсын хилээр татан авч, тус иргэдийн биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллажээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдад тусгаарлах өрөөг бэлтгэж, аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм болон хүнсний хангалтыг бий болгож, тус вирусээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна.
Онцгой комиссын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэжээ. Вирусээс урьдчилан сэргийлэх тухай 25000 ширхэг хэвлэмэл хуудсыг айл өрхүүдэд хүргүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, телевизийн хичээлийг хүүхдүүдэд чанартай хүргэх, гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг нь хангах, аймгийн хэмжээнд амны хаалт болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрдүүлэх, эмийн үнийг зохиомлоор бий болгож буй зарим аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллах, хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан тасарсан хичээлийг телевизээр зааж, үлдсэн хичээлийг бямба гаригт нөхөн орох болсон бөгөөд багш нарын илүү цагийн цалин хөлсийг олгохоор шийдвэрлэлээ.
Олон нийт болон ажилтан албан хаагчдад коронавирусийн талаар буруу ташаа мэдээлэл хүргэх, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлээгүй, үл хүндэтгэсэн ажилтан, албан хаагчдад арга хэмжээ авах, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.