Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их анхаарал татаж байгаа нь АН-ынхан. Учир нь энэ нам их сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн, дотоод сунгаан гээчээр даргаа шинээр сонгосон ч хүлээн зөвшөөрөхгүй хэсэг бүлэг бий болсон. Дээрээс нь энэ намаас төрийн аль л өндөр албан тушаалыг хашиж явсан эрхмүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлчихсэн. Ийм үед намын дарга С.Эрдэнийн үүрэг роль дэндүү их байна. Түүний хувьд намын дарга болсон даруйдаа АН-ыг шинэчлэх нэрийн дор аймаг, нийслэлийн үүрүүд, намын хорооны гэх мэт доод шатны албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шинэчлэн томилсон. Ингэхдээ мэдээж, бүх албан тушаалыг мөнгөөр үнэлснээр зөвхөн дотоод сонгууль гээчээсээ 10.3 тэрбумыг босгосон. Ингэж Монголд мөнгөний нам гээчийг шинээр бий болгосон түүний толгойд энэ өрсөлдөгчөөс нэгийг нь сонгохын тулд өнөөх л их мөнгөний дэнчингээ тавих нь ойлгомжтой.
Эх сурвалжаас авсан мэдээллээр нэр дэвшигчийн дэнчингийн мөнгө тэрбум орчим байх сураг дуулдаж байна. Харин нэр дэвшигчдийн тухайд хүсэл сонирхлоо илэрхийлсэн арваад хүнээс хамшийн шаанстай нь Р.Амаржаргал, Х.Баттулга нар гэнэ. Мэдээж тэдний хувьд хамгийн боломжит хувилбар байж болох ч өнөөх л өнгө мөнгөний тулаан энэ удаад ч өрнөх бололтой юм. Учир нь дээрх хоёр эрхэм ард түмнээс санал авахаас өмнө намаасаа гарах учиртай. Өөрөөр хэлбэл, АН-ын нийт гишүүдийнхээ саналыг авч байж нэр дэвших эрхтэй болно. Үндсэн шалгуурыг ийм гэж зааж байгаа ч хажуугаар нь намын даргаа тойглох, түүний тоочигт багтах гэж нэг томоос том шалгуур бий. Энэ тохиолдолд С.Эрдэнэ дарга их мөнгөнд санал өгөх нь гарцаагүй. Ингээд үзэхээр энэ наадам Женкогийн гарт байгаа мэт. Намын даргын их мөнгөний үндсэн шалгуур талаас авч үзвэл шүү дээ. Хувийн бизнес олонтой, Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог Х.Баттулга номер нэгийн суудалд хүч үзэхийн тулд хэдийг л бол хэдийг гаргаад өгөх нь ойлгомжтой. Харин төдийгөөс өдий хүртэл төрд зүтгэсэн, хувийн бизнес гээд байх юмгүй Р.Амаржаргалын хувьд Женкод нам даруулах магадлалтай. Үнэндээ Женкогийн дэргэд Р.Амаржаргал жинхэнэ төрийн хар хүн. Гэхдээ түүнийг басч болохгүй. Мөнгөгүй байж болох ч түүнд толгой бий. Төмөр замын асуудлаар хэчнээн жил шоудаж, наймаа хийсээр ирсэн Х.Баттулгыг унагах бэлэн хөзөр харин Р.Амаржаргалын гарт бий гэх мэдээлэл чих дэлссэн. Хэрвээ үнэхээр түүнд хөдөлшгүй баримт байгаа бол Женко наймаалцахаас аргагүйд хүрнэ. Ингээд үзэхээр дээрх хоёр эрхэм хэн нь хэнийгээ унагаж болзошгүй байна. Гагцхүү цагийн байдал хэрхэн эргэхийг харах л үлдлээ. |
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.