УИХ-ын өнөөдрийн чуулганаар Сонгуулийн тухайн хуулийн төслийг батлахаар төлөвлөөд байгаа билээ. Гэвч эрх баригчдийн зүгээс тус хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 30.8 гэсэн заалтыг шинээр оруулсан нь маргаан дагуулж буй юм. Тодруулбал, тус заалт нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглох” тухай юм.
Зүй нь өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байсан бол энэ удаад дээрх заалт батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонсож байсан бүх хүн нэр дэвших боломжгүй болох юм. Гэвч парламентад суудалгүй намууд энэ заалтыг эсэргүүцсэнээс гадна өмнө нь ийм асуудлаар Цэц шийдвэр гаргаж байсан гэж үзсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр эцсийн хэлэлцүүлгийг нь хийхдээ хасахаар болж санал хураалт явуулахад дэмжигдсэн юм. Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хасах саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсож байсан хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй болж байна.