Хүмүүс яах гэж аялдаг вэ. Мэдээж шинэ газар, шинэ ертөнц, шинэ хүмүүс, шинэ зан заншилтай танилцах гэж л аялдаг шүү дээ. Аялж буй хүн өөрийн хэвшмэл амьдралаасаа хэсэгхэн зуур хөндийрч огт өөр ертөнцөд умбадаг билээ.
Зарим нь далайн эрэг дээр биеэ шарж, коктейл шимж, гартаа газрын зураг барьж хөлөө өвдтөл хотоор алхана. Харин зарим нь машин түрээслэн хязгаар нь үл мэдэгдэх урт удаан аянд морддог. Тэд хэдэн мянган бээр зам аялж, орон орны хил даван аялцгаана. Хүн хүний сонирхол өөр шүү дээ. Эдгээр аяллын төрлүүд бол жирийн нэгэн аялал билээ. Гэхдээ өнөөгийн аялал жуулчлалын салбарт өөр нэгэн өвөрмөц аялал байдаг нь та бидний мэдэх экстрем аялал юм. Гайхалтай, сонирхолтой, сэтгэл түгшээм, аймшигтай, бүүр амь насанд ч аюултай байж мэдэх аяллыг экстрем гэж нэрлэдэг.
Өнөө үед боломжгүй зүйл ч гэж байхгүй болжээ. Сүүлийн жилүүдэд экстрем аялал улам их хөгжиж үүнийг дагаад маш олон хүн уг аяллыг сонирхож байна. Экстрем нь нэг үгээр хэлбэл аюултай орчинд хийдэг аялал юм. Уг аяллыг адал явдалт аялал гэж ч зарим нь хэлдэг. Экстрем аяллыг чухам ямар хүмүүс сонирхож байна гэдэг асуулт гарч ирэх нь мэдээж. Өдөржин оффисийн ширээнд суудаг хүмүүс, адал явдалтай жанрын ном уншиж түүндээ автсан хүмүүс экстрем аяллыг сонгодог. Тэд нэг хэвийн амьдралаасаа залхаж хэсэгхэн зуур адал явдлаар амьсгалахыг илүүд үздэг байна. Экстрем аялал хийхэд тохиромжтой улс орнууд мэдээж байдаг. Эдгээр улс орнууд өөрсдийн гэсэн өвөрмөц байгалийн тогтоц, шинж чанартай. Түүгээрээ экстрем аялал сонирхогчдыг соронз мэт татдаг.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас экстрем аяллын төрлүүдийг жагсаан гаргажээ. Уг жагсаалтад орсон төрлүүд гайхалтай бөгөөд аймшигтай.
Галт уулаар аялах нь
Уг төрлийн аялал Хавай аралд байдаг бөгөөд Хавай Үндэсний Галт уулын паркад өрнөдөг. Өөрөөр хэлбэл Килиа хэмээх галт уулруу мацах бөгөөд орой хэсэг дээр нь гарч аймшигт галт хайлмагийг өөрийн нүдээр харах юм. Уг төрлийн аяллыг мэргэжлийн баг зохион байгуулах бөгөөд зориулалтын хувцас өмсөх ёстой байдаг. Галт уулын дээгүүр нисдэг тэргээр эргэлдэж орчин тойрноо ажих ч боломж бас бий. Гэхдээ галт уулын аяллын ганц аюултай тал нь хорт агаар юм. Галт уулаас гарч буй хорт хий нь хүний биед яаж нөлөөлөхийг хэн ч мэдэх биз ээ.
Усан хүрхрээний ирмэг дээр сэлэх нь
Та өөрийгөө 100 метрийн өндөртэй усан хүрхрээний ирмэг дээр нь сэлж байна гэж төсөөлдөө. Ийм төрлийн аяллыг чөтгөрийн усан сан хэмээх бөгөөд Зимбабве улсын Викториа Хүрхэрээн дээр зохион байгуулагддаг байна. Наймдугаар сараас нэгдүгээр сарын хооронд хүрхрээний усны түвшин хамгийн нам байдаг бөгөөд чухам энэ үед л экстрем жуулчид ирдэг аж. Уг аяллаас болж жилд нэг хүн амь насаа алддаг гэх тоо бий.
Аварга загастай хамт шумбах нь
Энэ төрлийн аялал нь Өмнөд Африкт түгээмэл байдаг. Аварга загас олноор байдаг далайн гүнд жуулчдыг зориулалтын тоноглосон төмөр торонд хийж оруулах бөгөөд жижиг усан онгоц түүнийг гинжээр хөтлөн явах болно. Ямар ч хүний төсөөллөөр уг төрөл хамгийн аюултайд тооцогдох боловч хамгийн аюул осол багатайд тооцогддог нь гайхалтай.
Экстрем ууланд авирах нь
Ууланд авирах сонирхолтой хүмүүс тэр тусмаа агуу өндөр ууланд авирдаг хүмүүс Хятад улсын Хушуан ууланд авирдаг. Уг төрөл нь дэлхий дээрх хамгийн аюултай уулан спорт хэмээн тооцогддог бөгөөд өндөр нь ойролцоогоор 2000 метр аж. Албан ёсны тоо баримтыг харвал одоогоор ямар нэгэн осол аюул бүртгэгдээгүй байна.
Сүнстэй хотын аялал ба Чернобыл
1986 онд цөмийн хамгийн том аймшигтай сүйрэл болсоныг хүн бүр мэддэг. Тэнд хохирсон хүмүүсийн 60 илүү хувь нь хүүхдүүд байсан гэхээр үнэхээр харамсалтай бас гунигтай. Тэрнээс хойш өнөөг хүртэл 20-иод жилийн турш энэ газарт огт хүн амьдраагүй юм. Цөмийн сүйрлийн хамгийн том сургамж бүхий энэхүү сүйрэл Белорусийн хилийн ойролцоох Припят хотын Чернобылийн атомын цахилгаан станцад болсон билээ. Өдгөө Припят “Сүнсний хот” болсон гэдэг. Бүх хүн төрөлхтөнд энэ бол онцгой хориотой бүс болжээ. Сүйрсэн атомын цахилгаан станцын эргэн тойронд өтгөн ногоон ой, тосгон суурин бий. Гэхдээ энэ газар экстрем аяллын нэгэн төрөлд багтдаг нь сонин. Гэхдээ уг хотоор аялахад дараах шаардлагуудыг дагах ёстой гэнэ.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.