Тавдугаар сарын 1-нд жагсаал хийнэ

2017-04-26 Мэдээ, мэдээлэл

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал цуглаан хийхээр болсон талаар өнөөдөр/2017.04.26/ сэтгүүлчдэд мэдээллээ. Тус холбооны зүгээс ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар болон орон нутагт Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан жагсаал хийхээр болжээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эв санааны нэгдлээ илэрхийлэх тухайн аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллага, Засгийн газар, УИХ-д иргэд хөдөлмөрийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Тус холбооноос үндсэн гурван байрыг суурийг иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлнэ.

Үүнд:

Юуны түрүүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардана.

Хоёрт. Долоон татварын нэмэгдэл, хүнд дарамтыг анхааруулна. Энэ сарын 28-ны өдөр Олон улсын валютын сангаас /ОУВС/захирлын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тодорхой нөхцлөөр хэрэгжүүлэх энэ асуудлыг эцэслэн шийднэ. Бид урьдчилж ОУВС-гийн Суурин төлөөлөгчийг албан ёсоор хүлээн авч, тодорхой саналуудыг албан ёсоор гардуулж өгсөн. Тэгэхээр цаашид ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гэхдээ бид татварын нэмэгдэл нуруун дээр, аж ахуйн нэгж байгууллагад хүнд дарамт болж байгааг Засгийн газарт илэрхийлнэ. Огт хүлээн авах боломжгүй, иргэд, аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, улс орны эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлыг сэргээхээс илүүтэй доройтуулах татварын нэмэгдлүүд байгаа. Ийм учраас татварын нэмэгдэл, хүнд дарамтыг бид Төр, Засгийн газарт илэрхийлнэ.

Гуравт нь Сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. 2016 оны сонгуулийн үеэр хийж байсан амлалтаа биелүүлэх ёстой. Мөн УИХ-аас батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Сонгууль дуусах үед шаардах биш дөрвөн жилийн турш шаардах болно. Иргэдийн цалин орлогийг нэмэгдүүлнэ, татварыг нэмэгдүүлэх байх зэрэг амлалтууд бий. Үүнд бид хариулт авах болно.

МҮЭХ-оос ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 12.00-16.00 цагийн хооронд тайван жагсаалыг хийхээр болжээ. Мөн энэхүү жагсаал аймаг бүрийн төв талбайд болох юм байна.

МҮЭХ-оос өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрх, эдийн засгийн төлөө явуулж байгаа жагсаал, цуглааны зорилгыг аль нэг улс төрийн хүчин, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай огт холбуулахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлж байна гэв. Одоогоор тус холбоо 450 гаруй мянган гишүүнтэй, мэргэжил үйлдвэрлэл, салбарын 14, аймаг, нийслэлийн нийлсэн 22 холбоотой аж. Ирэх даваа гаригт болох тайван жагсаалыг гишүүн байгууллагууд бүгд дэмжиж байгаа гэдгийг холбооныхон хэлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.