Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 116 мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг 0 төгрөг болголоо. Энэхүү тариф өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм. Хэрэглээний дээд хязгаар нь 220-той айлд 700 квт/ц, 380-тай айлд 1500 квт/ц цахилгааны хөнгөлөлт үзүүлэх юм. Хэрэв хэрэглээ шөнийн дээд хязгаараас хэтэрвэл илүү гарсан төлбөрийн 50 хувийг мөн хөнгөлөх ажээ. Энэхүү шөнийн тариф 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Шөнийн тариф мөрдөгдсөнөөр тухайн айл өрхөд ямар хэмнэлт гарахыг тооцоолбол 1300w тенн халаагуураас 2-ыг гэртээ тавилаа гэж үзье. 21:00 цагаас 06:00 цаг хүртэл хөнгөлж буй учир энэ нь хоногт 9 цаг буюу /1300*2*9=23400w=23,4квт/ хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг 30 хоногоор үржүүлэхэд /23,4*30=702 квт/ болж байна. Шөнийн төлбөр нэмж төлөхгүй гэсэн үг. Эсвэл та 2000w-2500w тенн 1-ийг авч тавьж болох юм.
Айл өрхүүд шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэхдээ цахилгааны утсаа сайтар шалгах, ачаалал даахгүй муудсан утсыг солих, галын аюулаас болгоомжлохыг сануулж байна.