Сураггүй алга болсон оюутны цогцсыг Баян-Өлгий аймгийн Ховд голоос олжээ

2019-10-31 Мэдээ, мэдээлэл

 

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай оюутан эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болж улмаар найман хоног эрэн хайх ажиллагаа явуулсаар байсан юм. 

Онцгой байдлын байгууллага оюутан эмэгтэй сураггүй болсон, голд осолдсон дуудлага авч ажилласан байна. Аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй эрэн хайж өчигдөр Ховд голоос цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.  Мөн өдөр аймгийн ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн  км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байжээ.

Түүнчлэн өчигдөр Хараа голд цогцос байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 10 минут ажиллан цогцсыг гаргажээ. Осолдогч нь 40 гаруй настай, эрэгтэй, овог, нэр, харъяалал нь тодорхой бус байгаа тухай ОБЕГ мэдээллэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.